Д.Ганхуяг: Морь барианы зүүн талд 3х6 метрийн лед дэлгэц байршуулна

               
2022-07-04 0

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны дарга, бригадын генерал Д.Ганхуяг:

“Хуульд шилжилтийн үеийг Засгийн газрын дүрмээр зохицуулна хэмээн заасан. Энэхүү дүрмийн дагуу энэ жилийн баяр наадмын хурдан морины уралдаан дүрмээр зохицуулагдах бөгөөд хурдан морийг сэрвээний өндрөөр хэмжиж, уралдуулна гэсэн онцлогтой. Таван эгнээгээр морийг явуулна.

Морь барианы зүүн талд байршуулах 3х6 метрийн лед дэлгэцээр хурдан морины сэрвээний өндөр хэмжих үйл явц болон хэн гэдэг уяачийн хэд дугаартай морь болохыг харуулсан лайв дамжуулна. Лайвыг NTV болон Үндэсний телевиз дамжуулах ба Ардын хувьсгалын 100 жил пэйж хуудсанд лайв хадгалагдах тул иргэд орж харах боломжтой. Гарсан дүрмийн дагуу Хурдан морины салбар комисс уралдааныг өндөр хариуцлагатайгаар зохион байгуулахаар ажиллаж байна” гэлээ.

Түүнчлэн хууль, дүрэмд заасны дагуу Үндэсний их баяр наадам эхлэхээс гурав хоногийн өмнө дэд хороо хурдан морийг бүртгэх аж. Хурдан морины комисс долдугаар сарын 6-нд наадмын талбайд гарч байрлах тул уяачид долдугаар сарын 7, 8, 9-нд шаардлагын дагуу хурдан морио авч ирж бүртгүүлэхийг санууллаа.

Холбоотой мэдээ