Хэнтий аймагт Чингис хааны өв-түүх соёлын бүтээн байгуулалт өрнөж байна

               
2022-07-05 0

Зүүн аймгуудад ажиллаж байгаа Соёлын сайд Ч.Номин энэ сарын 3,4-нд Хэнтий аймагт ажиллаж, аймгийн соёлын байгууллагууд, аймгийн хэмжээнд өрнөж байгаа соёлын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. 

2021 онд байгуулагдсан тус аймгийн Соёл, урлагийн газар соёлын өв, урлаг уран бүтээл, соён гэгээрлийн чиглэлээр одоогоор 9 хүний бүтэцтэй ажиллаж байна. 

Аймгийн хэмжээнд орон нутгийн өмчийн 25 соёл, урлагийн байгууллага үйл ажиллагаа явуулдгаас Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга, аймгийн музей, төв номын сан, соёлын төвийн 22 байгууллагад нийт 219 албан хаагч ажиллаж байна.

2020 оны байдлаар Улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд Хэнтий аймгийн нутагт нийт 985 дурсгалт газрын 6730 түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүртгэгдсэн байдаг юм. 

“Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д Хэнтий аймгийн 9 сумын нутагт орших 12 дурсгал орсон бөгөөд энэ бүс нутгийг түүх, соёлын аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэхээр холбогдох яамд хамтран ажиллаж байгаа юм. 

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д “Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний парк байгуулахаар тусгасан байдаг бөгөөд Хэнтий аймагт монголын төрт ёсны түүх, дурсгалын үнэт өв, нүүдлийн соёл, уламжлалт ахуйд түшиглэсэн бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна.

Тухайлбал, Хэнтий аймгийн Биндэр, Дадал, Норовлин, Батноров, Бэрх, Дэлгэрхаан зэрэг сумдад соёлын болон түүхэн аялал жуулчлалын цогцолборууд барихаар хөгжлийн бодлогод тусгагдсан.

Эдгээрээс өнөөдрийн байдлаар Батноров сумын Андлалын өргөө бүрэн дуусаж, Бэрх тосгоны Монголын далд уурхайн музей, сургалт судалгааны аялал жуулчлалын төв, Биндэр сумын “Их хуралдай” цогцолбор, Норовлин сумын “Шихихутуг их засаг” цогцолбор, Дэлгэрхаан сумын Монголын нууц товчоо цогцолборуудын ажлын гүйцэтгэл 60-аас дээш хувьтай тус тус үргэлжилж байна.

Эдгээр бүтээн байгуулалт нь түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх Засгийн газрын тэргүүлэх бодлогуудын нэг тул Соёлын сайд Ч.Номин бүтээн байгуулалтын ажлын явцыг Байгаль орчин, аялал жуулчалын сайдын хамт үзэж, яамдын аялал жуулчлалын бодлогыг уяалдуулах асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

Мөн Хэнтий аймгийн хэмжээнд соёлын төвийн байрыг шинэчлэх ажил хэд, хэдэн сумдад үргэлжилж байгаа бөгөөд Орон нутаг судлах музейн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, үзүүлэг дэглэлт, үзмэр таталтын ажил нь үргэлжилж байна.

Холбоотой мэдээ