Улсын наадамд хэн гэдэг бөх түрүүлэх вэ?

               
2022-07-05 3

Өнөө жил бид Ардын хувьсгалын 100, 101 жилийг хамтатган тэмдэглэж буй билээ. Энэ юу гэсэн үг гэвээс 2020 оны 7 дугаар сарын 11-нд Төв аймгийн Эрдэнэ суман дахь 13 дугаар зуун цогцолборт зохион байгуулсан, ковид-ын үеийн наадмаас хойш улсын цол олгох барилдаан болоогүй гэсэн үг. Тэр өдрөөс хойш улс, аймаг, цэргийн алдар цолтой бөхчүүдийн дунд зохион байгуулсан заалны барилдаан нийт 25 удаа болжээ.

Жил жилийн түрүү бөхийн чансааг баримжаалах чухал үзүүлэлт бол эдгээр заалны барилдаанд хэн, хэрхэн оролцож, хэдэн удаа түрүүлж, үзүүрлэсэн явдал юм. Тэгвэл today.mn өнөөдөр өнгөрсөн 2 жилийн хугацаанд зохион байгуулагдсан, чансаа өндөр буюу улсын цолтой бөхчүүдийн оролцсон 25 удаагийн барилдааныг нэгтгэн харлаа.

Ингэснээр хамгийн олон удаа барилдаанд оролцсон бөхчүүдээр улсын гарьд М.Бадарч, улсын харцага Б.Цэдэнсодном нар 22 барилдаанд оролцсон бол улсын харцага Б.Бат-Өлзий 21 барилдаанд оролцжээ. Мөн хамгийн олон удаа түрүүлсэн 3 бөх нь улсын харцага Б.Бат-Өлзий 6 удаа, улсын гарьд М.Бадарч 4 удаа, улсын харцага О.Хангай 3 удаа тус тус түрүүлжээ. Харин хамгийн олон үзүүрлэсэн бөхчүүдийг улсын харцага О.Хангай 5 удаа, улсын гарьд М.Бадарч 3 удаагийнхаар тэргүүлж байна.

Энэ жилийн наадмын онцлог нь допингийн асуудлаас болж эрхээ хасуулаад байсан зарим бөхчүүд барилдаанд эргэн орж ирж буй явдал. Тэдний бэлтгэлээс хамаарч дээрх бөхчүүдийн амжилт өөрчлөгдөх боломжтой билээ.

Ингээд та бүхэнд өнгөрсөн хоёр жилд болсон 25 наадмын түрүү, үзүүрийн мэдээллийг дор хүргэе:

  1. 6 сарын 26 – Наадмын сорилго 256 бөхийн барилдаанд у.харцага Б.Бат-Өлзий түрүүлж, у.арслан Э.Оюунболд үзүүрлэв.
  2. 6 сарын 12 – Булганы 4 аваргын нэрэмжит 128 бөхийн барилдаанд у.харцага Б.Бат-Өлзий түрүүлж, аварга П.Бүрэнтөгс үзүүрлэв.
  3. 6 сарын 5-нд “Чингэлтэй хайрханы хишиг” 128 бөхийн барилдаанд у.заан Б.Пүрэвсайхан түрүүлж, у.харцага О.Хангай үзүүрлэв.
  4. 5 сарын 28-нд Улсын аварга цолд хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдаанд у.д.аварга Н.Батсуурь түрүүлж, у.гарди М.Бадарч үзүүрлэв.
  5. 5 сарын 15-нд Улсын арслан цолд хүндэтгэл үзүүлэх 240 бөхийн барилдаанд у.д.аварга Н.Батсуурь түрүүлж, у.начин Б.Серик үзүүрлэв.
  6. 5 сарын 7-нд у.арслан Б.Ганбаатарын нэрэмжит 256 бөхийн барилдаанд у.харцага Х.Гантулга түрүүлж, а.арслан Т.Довчинсэмбээ үзүүрлэв.
  7. 4 сарын 23-нд “Сонгинохайрхан уулсын хишиг” 128 бөхийн барилдаанд у.харцага Б.Орхонбаяр түрүүлж, у.харцага О.Хангай үзүүрлэв.
  8. 4 сарын 7-нд Ардчиллын баярт зориулсан 256 бөхийн барилдаанд у.харцага Б.Бат-Өлзий түрүүлж, у.харцага О.Хангай үзүүрлэв.
  9. 3 сарын 20-нд Наурыз баярт зориулсан 256 бөхийн барилдаанд у.гарьд М.Бадарч түрүүлж, у.начин Ц.Сандагдорж үзүүрлэв.
  10. 3 сарын 17-нд “Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан 256 бөхийн барилдаанд у.харцага Х.Гантулга түрүүлж, у.гарьд М.Бадарч үзүүрлэв.
  11. 3 сарын 5-нд Увс, Хяргас сумын харьяат у.начин Ц.Цэрэнхүүгийн нэрэмжит 128 бөхийн барилдаанд у.харцага Б.Цэдэнсодном түрүүлж, ц.арслан Л.Отгонбаатар үзүүрлэв.
  12. 2 сарын 27-нд Улсын начин цолны хүндэтгэлийн 256 бөхийн барилдаанд у.гарьд М.Бадарч түрүүлж, у.начин Б.Орхонбаяр үзүүрлэв.
  13. 1 сарын 31-нд Сар шинийн баярын 256 бөхийн барилдаанд а.заан Э.Мөнхжаргал түрүүлж, у.заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв.
  14. 1 сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн 256 бөхийн барилдаанд у.харцага О.Хангай түрүүлж, у.гарьд М.Бадарч үзүүрлэв.
  15. 12 сарын 29-нд Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаанд у.харцага Б.Бат-Өлзий түрүүлж, у.гарьд М.Бадарч үзүүрлэв.
  16. 12 сарын 25-нд хоршоологчдын холбооны 100 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаанд у.харцага Б.Бат-Өлзий түрүүлж, у.заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв.
  17. 12 сарын 19-нд Хантайшир дэвжээ байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаанд у.аварга П.Бүрэнтөгс түрүүлж, у.харцага О.Хангай үзүүрлэв.
  18. 12 сарын 04-нд Ардчилсан намын 30 жил, Үндэсний анхдугаар чуулганд зориулсан 256 бөхийн барилдаанд у.заан Д.Анар түрүүлж, у.харцага Н.Золбоо үзүүрлэв.
  19. 11 сарын 26-нд Бүгд найрамдах улс тунхагласны 97 жилийн ойн 128 бөхийн барилдаанд у.харцага Б.Орхонбаяр түрүүлж, у.харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв.
  20. 11 сарын 21-нд “Бүрэн Монгол” төслийн хүрээнд 128 бөхийн барилдаан болж у.харцага Б.Цэдэнсодном түрүүлж, у.заан Д.Анар үзүүрлэв.
  21. 11 сарын 5-нд Монгол бахархлын өдөр, Чингис хааны мэндэлсний 128 бөхийн барилдаанд у.гарьд Ө.Бат-Орших түрүүлж, у.харцага О.Хангай үзүүрлэв.
  22. 10 сарын 03 Улсын харцага Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан хандивын 128 бөхийн барилдаанд у.харцага О.Хангай түрүүлж, у.начин Ч.Батчулуун үзүүрлэв.
  23. 8 сарын 17 Залуучуудын байгууллагын 100 жилд зориулсан 256 бөхийн барилдаанд у.харцага Б.Бат-Өлзий  түрүүлж, а.арслан Э.Ууганбаяр үзүүрлэв.
  24. 2020 оны 10 сарын 29-нд Нийслэлийн өдөрт зориулсан 256 бөхийн барилдаанд у.заан М.Бадарч түрүүлж, а.арслан Э.Ууганбаяр үзүүрлэв.
  25. 2020 оны 10 сарын 18-нд Богдхан хайрханы хишиг 256 бөхийн барилдаанд у.харцага О.Хангай түрүүлж, а.арслан Э.Мөнхбаатар үзүүрлэв.

Холбоотой мэдээ