
Чуулганы нэгдсэн хуралдаанаар БОАЖ-ын сайдад Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж, томилох тухай асуудлыг УИХ-д Ерөнхий сайд танилцууллаа. Энэ үеэр танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байгаа юм.
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
БОАЖ-ын сайд солигдоод л утаа арилна гэж харж байгаа бол би Ерөнхий сайдыг буруу оношилсон байна гэж харж байна. Энэ бол Эрчим хүчний яамтай холбоотой асуудал. Мөн Тавантолгой түлш компанийн хувьд ч хариуцлага тооцогдох ёстой. Учир шалтгааныг олж байж хариуцлага тооцно. Түүнээс албан тушаалтныг солиод галыг унтраана гэвэл утгагүй. Сайжруулсан түлш хийж байгаа барьцалдуулагч зэрэг дээр Засгийн газраас тодорхой ажлын хэсэг гаргаж хяналт шалгалт хийх ёстой. Ямар алдаа гаргавал хэнд хариуцлага тооцох ёстойг тодорхой тусгах хэрэгтэй байна. Буруутан нь мөн бол алдаа гаргасныхаа хариуцлагыг хүлээнэ. Түүнээс олон нийтийн өмнө гарч, мэдэгдэл хийсэн гээд ажлаасаа чөлөөлөгдөнө гэвэл утгагүй. Бодлого тодорхойлж, батлагдсан зардлыг төлөх тохиолдолд агаарын бохирдлоос болж ажлаасаа чөлөөлөгдөнө гэвэл хэний ч хувьд утгагүй санагдана. Тиймээс энэ тал дээр цаашид ямар бодлого хэрэгжүүлэх талаар хариу өгөхийг хүсч байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Сайддаа захирагдаггүй дэд сайд, дэд сайддаа захирагдаггүй төрийн нарийн байгаа учраас цаашид ч ийм жишиг тогтоно гэж бодож байна. Сайдаа дэмжиж ажиллаж чадаагүй байж ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэвэл утгагүй. Тиймээс хэн нэгэнд найдахгүй зөвхөн сайддаа захирагдаж ажилладаг жишгийг тогтооно. Энэ дээр парламент нэгдсэн байр суурьтай байж чадвал төрийн байгууллагын бүх шатанд хариуцлагын схем бүрэлдэнэ. Анхан, дунд шатанд УИХ-ын гишүүд ирж буцаж л байдаг гэдэг яриа хүртэл гарсан байна. Тиймээс сайн, муу ажилласан гэхээс илүүтэй шат шатны удирдлагууд холбоотой ажиллаж чадаагүй гэх үндэслэлээр БОАЖ-ын сайдыг чөлөөлөхөөр болсон.

0 cэтгэгдэлтэй