Монгол Улсад бүртгэлтэй хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангана

               
2022-07-05 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийг хэлэлцэлээ.

Хуулийн төслийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулсан. Монгол Улс Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-д 1996 онд гишүүнээр элссэн бөгөөд Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллагын 1976 оны конвенц болон түүний 1981 оны протоколд 2011 онд нэгдсэн байна.  Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллага нь 1994 оны Ассемблейн хурлаараа байгууллагынхаа нэрийг солихоор шийдвэрлэж, “Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллага” гэсэн нэрийг ашиглахаар болсон. Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын Ассамблейн 2008 оны 20 дугаар хурлаар тус конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулсныг баталж, 2008 оны 10 дугаар сарын 6-наас мөрдүүлэхээр тогтсон бөгөөд одоогийн байдлаар эх конвенцид нийт 104 улс нэгдэн орж, 2008 онд конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 27 улс хүлээн зөвшөөрөөд байна гэлээ.    

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Далайн тээврийн гамшгаас хамгаалах дэлхий нийтийн системээс тавих хяналтыг сайжруулах, хөдөлгөөнт хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хүлээх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай 1974 оны олон улсын конвенцийн 5 дугаар бүлэгт заасан хөлөг онгоцыг алсын зайнаас илрүүлэх, хянах системийн талаарх холбогдох заалтуудыг тусгасан аж. Түүнчлэн осол болон гамшгийн үеийн холбооны тоног төхөөрөмжүүд, хөдөлгөөнт хиймэл дагуулын системийг далайн холбоо харилцаанд ашиглахдаа Далайн тээврийн гамшгаас хамгаалах дэлхий нийтийн системийн радио холбооны тодорхой шаардлагуудад нийцүүлэх зэрэг шаардлагуудыг нэмжээ. 

Конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэх, аудитын зөвлөмжийг биелүүлэх, Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангах, алсын зайнаас илрүүлэх, хянахтай холбогдсон харилцааг зохицуулах ач холбогдолтой гэлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тус хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ