Ц.Даваасүрэн: Халаасны хүмүүсийг яах гэж оруулж ирсэн юм С.Бямбацогт оо

               
2022-07-06 0

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэхтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн цэц өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд байж боломжгүй шийдвэр гаргасан. Манай Үндсэн хуульд сонгуулийн холимог тогтолцоо буюу хувь тэнцүүлсэн агуулга байдаггүй. 1991 оны аравдугаар сарын 15-нд Бага хурлаар холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулах санал хураалт явуулахад унасан. Үүнийг үндэслээд 2016 онд Үндсэн хуулийн цэц 05 тоот дүгнэлт гаргаж Үндсэн хуульд холимог тогтолцооны агуулга байхгүй гэж дүгнэсэн. Гэтэл зургаан жилийн дараа энэ шийдвэрээ эргэж хараад цуцалчихсан. Та бүхэн үүнийг юу гэж үзэж байна вэ.

Хоёрдугаарт, би Улсын дээд шүүхэд хандан Үндсэн хуулийн цэцэд илгээсэн гурван гишүүнээ буцаан тат гэдэг шаардлага тавьсан. Та бүхэн УДШ-ийн шүүгчээр очихоороо энэ асуудалд яаж хандах вэ.

УДШ-ийн шүүгчид нэр дэвшигч Н.Баярмаа: Шүүгчийн ёс зүйн хүрээнд урьдчилан хариулах боломжгүй байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэц гаргасан шийдвэрийнхээ талаар өөрөө тайлбар өгөх нь хуульд нийцнэ. Энэ асуудлаар миний бие ямар нэгэн тайлбар хийх нь шүүгчийн ёс зүйн дүрэмд нийцэхгүй.

УДШ-ийн шүүгчид нэр дэвшигч Д.Батбаатар: Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулиар тайлбар гаргах эрхтэй. Үндсэн хуулийн маргаантай асуудлыг Үндсэн хуулийн цэц шийддэг. Энэ тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг зөв, буруу гэх эрх хэмжээ бидэнд байхгүй.

Хоёрдугаарт, цэцийн гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой асуудлын тухайд шүүгч хүн өөрт ирээгүй, хэрэг, материалыг нь судлаагүй аливаа асуудлаар дүгнэлт гаргах нь хориотой байдаг.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Та хоёр төрийн эрх барих дээд байгууллагын хэлэлцүүлэгт оролцож байна. Гэтэл та хоёр шүүх хуралд оролцож байгаа юм шиг хариулт өгч байна. Би та хоёрыг ойлголоо. Та хоёр халаасны улсууд юм байна.

Ийм хүмүүсийг яах гэж оруулж ирсэн юм С.Бямбацогт оо. Чи ийм нэг хоёр юм оруулаад ирсэн байна. Эд нар Ховдынх уу. Гарал үүслийг нь судалж үзэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ