
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2022 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа сонгогдох магадлал өндөр хэвээр байгааг “Ipsos” судалгааны албанаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Тус байгууллагын мэдээлснээр, одоогоор нэрээ албан ёсоор дэвшүүлээгүй байгаа тэрбээр эхний шатны санал хураалтад нийт сонгогчдын 26 хувийн саналыг авч магадгүй байна. 2017 оны сонгуулиар түүний төлөө санал өгсөн иргэдийн 68 орчим хувь нь хоёр дахь удаагаа сонгох бодолтой байна. Түүнийг мөн өмнөх сонгуульд “бүгд найрамдах” Франсуа Фийоны төлөө саналаа өгсөн хүмүүсийн 30 хувь нь дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.
Санал асуулгын дүнгээс харахад энэ удаагийн сонгуульд Э.Макроны хамгийн ойрын өрсөлдөгч нь Үндэсний нэгдэл намаас нэр дэвшигч Марин Ле Пен болно. Сонгогчдын 17 хувь нь түүнд санал өгөх бодолтой байгаа бол “Бүгд найрамдахчууд” намаас нэр дэвшигч Валери Пекресс 16 хувийн санал авч, гуравдугаарт бичигдэнэ. “Ipsos”-ийн таамагласнаар, хэт барууны үзэлт улстөрч Эрик Земмур эхний шатны сонгуульд дөрөвдүгээрт орно.
Зүүн жигүүрийн хамгийн алдартай нэр дэвшигч болох “La France Insoumise” намын удирдагч Жан-Люк Меланшонд санал асуулгад оролцогчдын 9 хувь нь саналаа өгөх төлөвтэй байна. Түүний араас “Европ-Экологи-Ногоон” намаас нэр дэвшигч Янник Жадот (8 хувь) оржээ. Үлдсэн нэр дэвшигчид санал асуулгад оролцогчдын 5 хүрэхгүй хувийн дэмжлэгийн авсан байна.
Францын ерөнхийлөгчийн сонгууль дөрөвдүгээр сард болно.

0 cэтгэгдэлтэй