О.Алтангэрэл: АН-ын ялагдлын дараа эрх баригчид сөрөг хүчингүй болж байгаа

               
2022-07-06 0

Ардчилсан Намд сүүлийн хоёр жилд өрнөсөн үйл явдал, эв нэгдлийг хангах талаар өнөөдөр мэдээлэл хийв.

Энэ үеэр тус намын гишүүн О.Алтангэрэл:

“Бид намынхаа нийт гишүүдийг эв нэгдэлд уриалж байна. Өнгөрсөн хугацаанд АН ямар нөхцөлд байсан гэдгийг Монголын ард түмэн болон намын гишүүд мэдэж байгаа. УИХ-ын сонгууль болсноос хойш хоёр жил өнгөрлөө. Энэ хугацаанд АН хаана байна, яг байрандаа.

УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа С.Эрдэнэ дарга ажлаа өгсөн. Үүний дараа АН-ын тамга тэмдэг үрэгдсэн гэж үзээд эрх баригчид шинээр тамга олгосон байдаг. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ялах бүрэн бололцоотой гишүүдийн нэрсийг өгсөн. Харамсалтай нь сунгаанд АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ дарга ялсан, дахин Ерөнхийлөгчийн сонгуульд орсон ч АН ялагдсан. Үүний дараа нөхөн сонгуульд явсан АН дахиад ялагдсан.

Бид хэдхэн хоногийн өмнө “АН-ын их хурал” нэртэй арга хэмжээ зохион байгуулсан. Гэвч энэхүү арга хэмжээ хууль бус болсон талаар олон хүн байр сууриа илэрхийлж байгаа. Энэ хурлыг хийгээд АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ даргыг намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр томилуулъя гэсэн үр дүн гарсан. Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын дарга болно гэсэн үг.

Энэ их хагарал, тэмцэл, АН-ын ялагдлын дараа эрх баригчид дураараа, сөрөг хүчингүй болж байгаа. Ард түмний ядуурал дээд цэгтээ тулсан. Монгол Улсын инфляц 1990 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрсэн байгаа энэ үед сөрөг хүчин байхгүй явсаар хамгийн эцсийн дүндээ дахиад С.Эрдэнэ гэдэг хүнээ дарга болгоё гэдэг цаас гаргаад дуусаж байна.

Ардчилсан хувьсгалыг авчирсан журмын нөхдөдөө уриалж байна. Хагарлын золиос болж, битгий золигт гараач ээ. Хагарал маргааны учир тайлагдлаа. Хоёр жилийн зургийг харвал эрх баригчид сөрөг хүчингүй байх гэсэн ажиллагаа байна. Эрх баригчдын явуулга гэдэг нь тов тодорхой болчихлоо. Одоо нэгдэцгээе. Намын нийт 180 мянган гишүүддээ хандаад одоо хагарал эвдрэл гэдгийг нэг хүнээс болж, дээрээс нь эрх баригчдын хүсэн хүлээсэн энэ зүйлийг хийхээ больцгооё” гэв.

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Тогтохбаяр:

“Ардчилсан Нам яг одоо хүнд цаг үеэ туулж явж байна. Өнгөрсөн долоо хоногт манай намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ намынхаа их хурлын үеэр н.Алтанхуяг гэдэг хүнд зодуулсан харамсалтай үйл явдал болсон. Үүний шалтгаант холбоог С.Эрдэнэ үүсгэжээ. Мэдээж хуулийн талаас харвал бусдын биед гар хүрч байгаа нь буруу. Намынхаа олон журмын нөхөд, залуучууддаа хандаж хэлэхэд, улс төрийн том таамаг дэвшүүлж суулгүй бодитойгоор эвлэлдэн нэгдэж, намын эв нэгдэл рүү оръё. Ах нартаа хэлж байгаа. Та нар энэ улсад олон гавьяа байгуулсан, гай ч тарьсан. Тийм учраас улс орны хүнд цаг үед намынхаа эв нэгдэл рүү орооч ээ” гэлээ.

Холбоотой мэдээ