Японы эрх баригч нам сонгуулийн кампанит ажлаа зогсоолоо

               
2022-07-08 0

Японы эрх баригч Либераль-Ардчилсан нам (ЛАН) Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн амь насанд халдсантай холбогдуулан сонгуулийн кампанит ажлаа зогсоохыг бүх нэр дэвшигчээс хүссэн байна. Энэ тухай нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй эх сурвалж мэдээлэв.

Тодруулбал, ЛАН бүх нэр дэвшигчээсээ гудамж талбайд сонгуулийн үйл ажиллагаа явууулахгүй байхыг хүссэн байна. Яг ийм үйл явдлын үеэр Абэгийн амь насанд халдсан юм.

Үүний зэрэгцээ сонгууль зохион байгуулах, явуулах үүрэгтэй тус улсын Захиргааны хэрэг, харилцаа холбооны яамнаас ТАСС агентлагт мэдээлснээр, долоодугаар сарын 10-нд болох Японы парламентын дээд танхимын сонгуулийн товыг Ерөнхий сайд асан Абэгийн амь насанд халдсан хэргийн дараа өөрчлөөгүй байна.

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо сонгуулийн кампанит ажлын хүрээнд Нара хотод үг хэлж байх үед буюу орон нутгийн цагаар баасан гаргийн үд дундын орчимд халдлагад өртсөн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлсэн. 41 настай Тэцуя Ямагами гэгч түүний нуруу руу хоёр удаа бууджээ. Абэ цээж, хүзүүндээ шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Абэгийн “зүрх, уушгины үйл ажиллагаа зогссон байдалтай байна” гэж Японы онцгой байдлын албанаас мэдээлсэн ч түүний нас барсан нь батлагдаагүй байна. Халдлага үйлдэгчийг саатуулсан бөгөөд гэмт хэргийн сэдэл нь тодорхойгүй байна. Тэрбээр өмнө нь Японы тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байсан гэж мэдээлж байна.

Холбоотой мэдээ