Товчхон
               

“Дээлтэй монгол наадам” маргааш болно

               
2022-07-08 0

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” ХХК хамтран  “Дээлтэй монгол наадам”-ыг маргааш буюу долдугаар сарын 9-нд зохион байгуулах гэж байна. Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан 16 дахь жилдээ зохиож байгаа наадам Сүхбаатарын талбайд 11:40-20:00 цагийн хооронд үргэлжлэх юм.

Наадмын зохион байгуулалтын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, СУИС-ийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Мөнхбадрал нар мэдээлэл хийлээ.

зураг

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Наадмын хамгийн гол үйл ажиллагаа бол Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал байдаг. Нийслэлийн бүх дүүрэг, хорооны иргэдийн төлөөлөл үндэсний хувцсаараа гоёж оролцдог. Мөн үндэсний хувцасны загварын үзүүлбэр, ардын урлагийн тоглолт, мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ, үзэсгэлэн худалдаа, тойрон бүжиг зэрэг олон арга хэмжээ зохион байгуулна” хэмээв.

Түүнчлэн зургаан гэр барьж, монгол ахуй, соёлыг харуулсан үзэсгэлэн дэлгэх аж. Мөн 18:00-20:00 цагийн хооронд Дээлтэй диско буюу орчин үеийн залуучуудын дуртай дуучид, хамтлаг, DJ нарын тоглолт болох юм. “Дээлтэй монгол наадам”-д 21 аймаг, 330 сумын иргэдийг оролцуулахаар урилгыг тавдугаар сард  хүргүүлжээ. Одоогийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнод зэрэг аймгаас 27 иргэн оролцохоор бүртгүүлээд байна.

зураг

СУИС-ийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Мөнхбадрал “Манай сургууль наадмыг дэмжин, шилдгүүдийг шалгаруулах шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Энэ наадам үндэсний дээл, хувцас, өв соёлд хүндэтгэл үзүүлж байгаа арга хэмжээ болж хэвшсэн. Шилдэг дүүрэг, байгууллага, дээл урлаач, шилдэг хос, шилдэг эмэгтэй, эрэгтэй, хүүхэд, шилдэг гадаадын иргэдийг шалгаруулах юм. Шилдэг байгууллага, дүүргийг шалгаруулахдаа бүтээлч байдал, оролцоо, үндэсний дээл хувцсаараа илэрхийлж байгаа агууламжийг харгалзана. Харин иргэдэд үндэсний хувцасны иж бүрэн байдал, хувцасны талаарх танин мэдэхүйн мэдлэг зэрэг шалгуур тавина” хэмээсэн юм.

Үндэсний их баяр наадмын нээлт болж зохион байгуулагддаг энэхүү бага наадам нь Монгол туургатан улсуудын наадам болж өргөжин, 2019 онд тус наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува Улсаас иргэд ирж оролцож байсан. Тус наадмыг нийтдээ 100 мянга гаруй хүн үзэж сонирхсоноос 3000 гаруй нь гадаадын жуулчид байжээ.

“Дээлтэй монгол наадам” нь монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх, нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой юм.

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ 2022” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Хугацаа

Хөтөлбөр

11:40-13:30

Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал

13:30-13:10

Нээлт

Морин хуурын чуулга, Өнө уртын дууны чуулга

13:40-13:50

Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэлнэ.

13:50-14:00

Ардын урлагийн тоглолт – Мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ

14:00-14:25

Үндэсний хувцасны загварын үзүүлбэр

14:25-15:15

Ардын урлагийн тоглолт – Мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ

15:15-15:45

Шилдгүүдийг тодруулна

–       Шилдэг байгууллага

–       Шилдэг дүүрэг

–       Шилдэг хос

–       Шилдэг эрэгтэй

–       Шилдэг эмэгтэй

15:45-16:00

Ардын урлагийн тоглолт – Мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ

16:00-16:50

Шилдгүүдийг тодруулна

–       Шилдэг хүүхэд

–       Шилдэг эрэгтэй /гадаад/

–       Шилдэг эмэгтэй /гадаад/

–         Бүжгийн аяны шилдэг оролцогч

16:50-17:10

“Тойрон бүжиг” Намнаа хамтлаг

17:15-19:50

Орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт

Дээлтэй диско

19:50-20:00

Хаалт

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Холбоотой мэдээ