Товчхон
               

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим голын усны түвшин 105 см-аар нэмэгджээ

               
2022-07-08 0

Өнөөдөр буюу долдугаар сарын 8-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 105 см нэмэгдэж, үерийн түвшинг 115 см даван хүчтэй үерлэж байна.

Мөн түүнчлэн Сэлэнгэ мөрөн , Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Тэрэлж, Сөгнөгөр, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Улз зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, Балж, Онон, Хэрлэн, Улз, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см даван тус тус үерлэж байна.

Маргааш буюу долдугаар сарын 9-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 15 см, Сэлэнгэ мөрний дагууд 5-15 см, Эг гол Хантай баг орчимд 30 см, Хэрлэн голын эхээр 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.  

Наадмын өдрүүдэд Орхон гол Сэлэнгэ мөрний сав газар болон нутгийн зүүн хэсгийн зарим газраар их хэмжээний аадар бороо орох төлөвтэй байгаа тул дээрх голууд болон  жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаараал халамжаа сайжруулах, зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан голд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Гадаргын усны судалгааны хэлтэс

Холбоотой мэдээ