Зам, тээврийн хөгжлийн яамны эхний хагас жилийн тайлангийн хурал боллоо

               
2022-07-08 0

Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 оны эхний хагас жилийн тайлангийн хурал өнөөдөр /2022.07.08/ болов. Оны эхний хагас жилд зам, тээврийн салбарт хэд хэдэн бүтээн байгуулалтын ажлыг ашиглалтад хүлээж авч, зарим бүтээн байгуулалтын төслийг эхлүүллээ.

Хурлын эхэнд тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд хагас жилийн тайланг танилцуулав. УИХ-ын чуулганы хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлж, эцэслэн батлуулсан. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замыг ашиглалтад оруулснаар 21 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож, Чингис хот-Дадал чиглэлийн 50 км авто замыг ашиглалтад орууллаа. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж туршилтын тээврээ явуулж, Зүүнбаян-Ханги, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслөө эхлүүлэв. Түүнчлэн Дотоодын агаарын тээвэрлэгчдийн 2022 оны агаарын нагивацийн үйлчилгээний хураамжаас бүрэн чөлөөлж, 145 тэрбум төгрөгийн бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлсэн.  Авто машины сонирхол татахуйц улсын дугаарын дуудлага худалдааг цахимаар зохион байгуулж,  2022 оны эхний хагас жилд 5.1 тэрбум төгрөгийг хүүхдийн төлөө санд төвлөрүүлсэн байна.

Бодлого, төлөвлөлтийн чиглэлээр Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлт зорилтын хүрээнд  39 төсөл, арга хэмжээ тусган батлуулсан. Тээврийн ерөнхий хуулийг Засгийн газарт өргөн барьсан мөн бүсийн хөгжлийн хүрээнд зам, тээврийн салбарт дунд хугацаанд хэрэгжих зорилтод арга хэмжээг мөн тусгажээ.

БНСУ-ын Котра буюу гадаад худалдааны агентлагтай хамтран Алтанбулаг логистикийн төв байгуулах ТЭЗҮ боловсруулах төслийг хэрэгжүүлж, дунд шатны тайланг хүлээн аваад байна. Мэдээлэл, технологийн чиглэлээр иргэний гомдол өргөдөл, шагнал, тусгай зөвшөөрлийг бүрэн цахимжууллаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Цагаан номыг 1000 ширхэг хэвлүүлж, олон нийтэд хүргүүлж, БШУЯ-тай хамтран 6-14 насны сурагчдыг сургалтад хамруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран монгол бичгийн 27 удаагийн сургалт, зөв бичих найруулга зүйн болон албан бичиг боловсруулах сургалтад албан хаагчдаа хамруулсан байна.

Гадаад харилцааны чиглэлээр олон улсын 8 айлчлалын хүрээнд зам, тээврийн салбарын чиглэлээр тусгах саналыг бэлтгэн, хэлэлцүүлсэн. Монгол-Беларусь, Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулан,  хэлэлцээрүүдийг эцэслэн тохирч, хамтран ажиллах таван удаагийн санамж, бичиг байгуулсан.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт зам, тээврийн салбарт хамгийн өндөр хувьтай  байна. Энэ бол та бүхний хүчин чармайлт, хичээл зүтгэлийн үр дүн юм.. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих хөтөлбөрүүдээс Баян-Уул-Ульхан, Чойбалсан-Хавиргын боомт чиглэлийн авто зам, зарим орон нутгийн нисэх буудлыг 4C, 4D ангилал болгох концессийн асуудал үлдээд байна. Энэ онд манай салбарт томоохон бүтээн байгуулалтууд өрнөлөө. Төмөр замын салбарт 2019 онд эхэлсэн гурван төсөл, хөтөлбөрөө ирэх намар хүлээн авч  бүрэн ашиглалтад оруулна. Иргэний нисэхийн салбарт ч нислэгийн тоо, чиглэл нэмэгдүүлсэн, ачаа, тээврийн эргэлт сайжирсан байна. Буянт-Ухаа Олон Улсын нисэх онгоцны буудлыг Засгийн газраас нөөц нисэх буудал гэж зарласан ч бэлэн байдлыг хангуулан ажиллаж байгаа. Авто тээвэр, авто замын салбарт ч мөн адил бодлого, хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлнэ. Цаашид та бүхний хийж байгаа, төлөвлөсөн бүхий л ажилд чин сэтгэлийн амжилт хүсэж, хичээнгүйлэн ажиллахыг хүсье. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн мэнд хүргэе. Сайхан надаарай” гэв.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд албан хаагчид тогтмол хувь хүний хөгжил, цаг ашиглалтдаа анхаарч, ёс зүйг эрхэмлэхийг уриалав. Мөн яамнаас зохион байгуулж буй сургалт, хөтөлбөрт тогтмол, идэвхтэй хамрагдаж, зам, тээврийн салбар цаашлаад улс орны хөгжлийн бодлогыг харж, санаачилгатай ажиллах ёстой гэдгийг хэллээ.

Хурлын төгсгөлд яамны нэр бүхий албан хаагчдыг Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хүндэт тэмдэг, Хүндэт төмөр замчин,  тэргүүний ажилтан, хүндэт жуух бичгээр шагнав.

Холбоотой мэдээ