Товчхон
               

Б.Баасанхүү, Г.Хэрлэн нар Унгарын их дуулгаас хүрэл медаль хүртлээ

               
2022-07-09 0

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Унгарын их дуулга Будапешт хотод өнөөдөр /07.08/ эхэлсэн. Тэмцээний эхний өдрийн таван жинд манай улсаас 9 бөх зодоглосноос гурав нь хүрэл медалийн төлөө барилдлаа.

Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин буюу -48 кг жинд барилдсан Б.Баасанхүү Хятадын Гуо Зон Интэй 12 минут барилдаж торгуулиар ялснаар хүрэл медаль хүртлээ.

Мөн тус жинд барилдсан Г.Наранцэцэг хүрэл медалийн төлөө Испанийн Мирела Лапуэрта Комаст ялагдаж тавдугаар байр эзлэв.

Тэд хоёул шөвгийн наймд Испанийн бөхчүүдэд ялагдаж дагасан. Г.Наранцэцэг дагахад Израилын Шира Ришониг ялж Б.Баасанхүү Германы Катарина Менцийг ялж хүрэл медалийн төлөөх барилдаанд шалгарсан юм.

Харин эрэгтэйчүүдийн -66 кг жинд Г.Хэрлэн хүрэл медалийн төлөө Бахрейны Рамазан Коджаковтой барилдан торгуулиар ялснаар хүрэл медаль хүртлээ.

Тэрээр шөвгийн наймд Японы Хифүми Абэд ялагдаж дагахад Испанийн Адриан Нието Чинаррог ялсан юм. Тус жинд зодоглосон Г.Сод-Эрдэнэ Бахрейны Рамазанд ялагдан тэмцээнээ дуусгасан.

Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин буюу -60 кг жинд Э.Ариунболд хүрэл медалийн төлөө Гүржийн Темур Нозадзэд хоёр базари үнэлгээгээр ялагдаж тавдугаар байр эзэллээ.

Тэрээр шөвгийн наймд нутаг нэгт Э.Сумъяабазарыг давж хагас шигшээд шалгарсан боловч хагас шигшээд Бельгийн Жорре Ферстраетенд ялагдсан юм. Харин Э.Сумъяабазар дагах барилдаанд Францын Ромайн Валадие Пикарт ялагдан долоодугаар байрт орсон.

Эмэгтэйчүүдийн -52 кг жинд барилдсан Б.Хорлоодой АНУ-ын Кателин Жаррелд, -57 кг жинд барилдсан Л.Энхрийлэн Гвинейн Мариана Эстевест, М.Ичинхорлоо Португалын Телма Монтейруд ялагдан тус тус тэмцээнээ дуусгасан.

Холбоотой мэдээ