Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв

               
2022-07-09 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо таалал төгссөнд эмгэнэл илэрхийллээ.

Эмгэнэлд,

Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэр бүл танаа

Япон Улсын Ерөнхий сайд асан, Монголын анд нөхөр Абэ Шинзо харамсалтайгаар таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлье.

Эрхэмсэг ноён Абэ Шинзогийн агсны Засгийн газраас хэрэгжүүлж ирсэн “идэвхтэй энх тайванч” гадаад бодлого Япон Улсын олон улс дахь нэр хүнд, нөлөөг өсгөн нэмэгдүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулахад үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг бид өндрөөр үнэлдэг.

Абэ Шинзо агсан Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, “Эрч”, “Эрч нэмэх” санаачилга дэвшүүлэн Монгол Улсад гурван удаа айлчилсан Ерөнхий сайд гэдгээр түүхэнд бичигдэн үлдсэн юм. Абэ Шинзо агсныг Ерөнхий сайдаар ажилласан он жилүүдэд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжиж, шинэ шатанд гарсанд Монголын ард түмэн гүнээ талархаж байдаг билээ.

Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар танай сайхан оронд хоёр удаа айлчлан Ерөнхий сайд Абэ Шинзо агсантай найрсаг дотно танилцан нөхөрлөж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаа болон найрамдалт харилцааг хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэж явснаа эрхэмлэн дурсаж явах болно.

Эх орны маань хөгжилд болон Монгол, Японы харилцаанд түүний оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг Монгол Улс, Монголын ард түмэн үүрд дурсан санах болно.

Гүнээ хүндэтгэсэн,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх

2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр.

Холбоотой мэдээ