Францын Үндэсний ассамблей вакцины гэрчилгээний тухай хуулийн төслийг баталжээ

               
2022-01-07 0

Францын Үндэсний ассамблей эрүүл мэндийн гэрчилгээг вакцины гэрчилгээ болгон өөрчлөх тухай хуулийн төслийг пүрэв гарагт баталжээ. Энэ нь “COVID-19”-ийн вакцинд хамрагдаагүй хүмүүсийг олон нийтийн газраар үйлчлүүлэхийг хориглох юм.

Хуулийн төслийг 214 хууль тогтоогч дэмжсэн бол 93 гишүүн эсрэг санал өгч, 27 хүн санал өгөхөөс түдгэлзжээ. Ингэснээр энэхүү баримт бичгийг ирэх долоо хоногт Сенатын танхимд хэлэлцэхээр болж байгаа бөгөөд парламентын эцсийн шийдвэрийг гаргах юм. Тийнхүү холбогдох шийдвэр төлөвлөсөн хугацаанд гарвал шинэ арга хэмжээнүүд нэгдүгээр сарын 15-наас хэрэгжинэ.

Вакцины гэрчилгээ шаардах журам хэрэгжиж эхэлснээр 12-оос дээш насны иргэн бүр зоогийн газар, кафе, цэнгээний газар, нийтийн тээвэр, кинотеатр, спортын төв зэрэг олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ вакцинд хамрагдсан гэдгээ батлах шаардлагатай болж, “PCR” шинжилгээний сөрөг хариуг хүлээн зөвшөөрөхөө болих юм.

Энэхүү хуулийн төсөл нь вакцинд хамрагдаагүй байгаа 5.3 сая хүнийг вакцин хийлгэхэд түлхэц өгөхийн тулд Ерөнхийлөгч Эмманюэль Макроны Засгийн газраас хэрэгжүүлж буй стратегийн нэгээхэн хэсэг юм. Францад өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо урьд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлтээр нэмэгдсээр байгаа  ба Э.Макрон үүсээд буй нөхцөл байдалд вакцинд хамрагдаагүй хүмүүсийг буруутгаж байгаа юм байна. 

Холбоотой мэдээ