Товчхон
               

Японы гурван мужид хязгаарлалт тогтоохоор болжээ

               
2022-01-07 0

Японы эрх баригчид Окинава, Хирошима, Ямагучи мужуудад тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан коронавирусний тархалттай тэмцэх чангатгасан арга хэмжээ авахаар болжээ.

Энэ тухай тус улсын эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Дайширо Ямагива шинжээчдийн комиссын хурлын үеэр мэдэгдсэн байна.

“Эдгээр гурван мужид сүүлийн долоо хоногт өвчлөл мэдэгдэхүйц нэмэгдсэн. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол ойрын хугацаанд эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэнэ. Тиймээс бид эдгээр бүс нутагт нэгдүгээр сарын 9-нөөс 31-нийг хүртэл вирустэй тэмцэх чангатгасан арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Дээрх хугацаанд нийтийн хоолны газрууд болон бусад байгууллагын үйл ажиллагаа, мөн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлана. Албан ёсны шийдвэрийг өнөөдөр орой болох Засгийн газрын штабын хуралдаанаар батлах аж.

Японд нэг өдрийн өмнө коронавирусний халдварын 4 400 гаруй шинэ тохиолдол илэрсэн нь өнгөрсөн оны есдүгээр сарын 18-наас хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болжээ.

Цар тахлын үеэр тус улсад нийт 1.73 сая хүн халдвар авч, 18.4 мянган хүн нас баржээ. Одоогийн байдлаар хүн амынх нь 98.6 сая орчим нь буюу 78 хувь нь вакцины хоёр тунд хамрагдсан байна.

Холбоотой мэдээ