
Японы эрх баригчид коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсад байрлаж буй Америкийн цэргүүдийг баазуудаасаа гарахыг хязгаарлахыг шаарджээ.
Энэ тухай Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй утсаар ярьсныхаа дараа хийсэн хэвлэлийн бага хурлын дараа мэдэгдсэн байна.
“Америкийн цэргийн баазууд дахь коронавирусний халдварын нөхцөл байдлын хувьд би халдвар хамгааллын арга хэмжээг чангатгах, тэр дундаа цэргийн баазуудаас цэргээ гаргахыг хязгаарлахыг шаардсан. Ноён Блинкен хүсэлтийг Пентагонд уламжлах бөгөөд АНУ вирус цаашид тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд боломжтой бүхнийг хийнэ гэдгийг мэдэгдсэн” гэж Японы сайд хэлжээ.
Өнгөрсөн сарын сүүлчээр Японы өмнөд хэсэгт орших Окинава арал дээрх Кэмп-Хансен зэрэг АНУ-ын цэргийн хэд хэдэн баазад коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдсэн байна. Цэргийн баазуудад ээлж солих ажиллагааны хүрээнд Японд саяхан байрлуулсан цэргийн алба хаагч нар халдвар авчирчээ. Тэд одоо хэрэгжиж байгаа хоёр талын гэрээний дагуу ирэхдээ PCR-ийн шинжилгээ өгөөгүй байна. Энэ шаардлагыг одоо дахин хэрэгжүүлж эхэлжээ.
Японд нийтдээ Америкийн 50 мянга гаруй цэрэг байрладаг байна.

0 cэтгэгдэлтэй