Казахстанд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ураны үнэ өсжээ

               
2022-01-06 0

Казахстанд болж буй үйл явдалтай холбоотойгоор дэлхийн худалдааны талбаруудад ураны үнэ 8 орчим хувиар өссөн байна.  

Энэ талаар “Bloomberg” агентлаг дэлхийн ураны үнийг хянадаг “UxC” тусгай платформын мэдээллээс эш татан уламжилжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, лхагва гарагт дэлхийн зах зээлд ураны үнэ фунт нь /0.45359237 кг/ 45.25 ам.долларт хүрч өссөн байна. Мягмар гарагт ураны үнэ фунт нь 42 ам.доллар байсан бөгөөд нэг өдрийн дотор 8 орчим хувиар өсжээ. Казахстан улс дэлхийн ураны нийлүүлэлтийн 40 орчим хувийг үйлдвэрлэдэг байна. Эсэргүүцлийн жагсаал өрнөсөнтэй холбоотойгоор байгалийн уран олборлодог Казахстаны “Казатомпром” компанийн хувьцаа Лондоны хөрөнгийн бирж дээр 8.8 хувиар унажээ. 

“Хэрэв ойрын хугацаанд нийлүүлэлтэд тодорхой бус байдал үүсвэл уран эзэмшигчид арилжихдаа дурамжхан байх болов уу. Хэдийгээр одоогоор нийлүүлэлтийн хомсдол байхгүй ч үүсэх урьдчилсан нөхцөл бий гэж зах зээлийн тоглогчид үзэж байна” гэж “UxC”-ийн тэргүүн Жонатан Хинз хэлсэн байна.

Холбоотой мэдээ