Украин, Оросын талууд үр тарианы экспортыг сэргээх гэрээнд гарын үсэг зурлаа

               
2022-07-23 0

Баасан гарагт Туркийн Истанбул хотноо Украин, Орос улсуудын төлөөлөгчид Хар тэнгисээр тээвэрлэдэг үр тарианы экспортыг сэргээх гэрээнд гарын үсэг зуржээ.

Киевийн тал гэрээг Москватай шууд байгуулахаас татгалзсан тулд НҮБ болон Турк улсуудтай ижил утга агуулгатай гэрээг тус тусдаа байгуулсан байна. Гэрээнд Оросын талаас батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Украины талаас дэд бүтцийн сайд Олександр Кубраков гарын үсэг зуржээ.

Ингэснээр дэлхийн олон орныг хамарсан хүнсний хомстол үүсэх аюулаас зайлсхийх боломж нээгдэж байгаа юм. Талууд тохиролцоонд хүрэхийн тулд хоёр сар ажиллахад Турк улсын засгийн газар зуучилсан байна. Гэрээ 120 хоногийн хугацаатай бөгөөд хэрэгжилтийг нь Истанбул хотод байрлах НҮБ, Турк, Орос, Украины талуудын оролцоотой төв хянах юм. Хэрвээ талууд зөвшилцөж чадвал хугацааг нь цааш сунгахаар тохиролцжээ.

Украины Хар тэнгисийн боомтуудад их хэмжээний үр тариа саатаж, экспортод гарах аргагүй болоод байв. Үүний улмаас дэлхийн зах зээлд улаан буудайн үнэ ханш өсөж, хүнсний хямрал үүссэн юм. Гэрээ байгуулагдсан мэдээ цацагдсаны дараа улаан буудайн ханш өчигдөр 2 хувиар унасан байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр хийсэн мэдэгдэлдээ тус улсын боомтуудад $10 тэрбумын үнэ бүхий үр тариа экспортлоход бэлэн байгааг дурджээ. Гэхдээ тэр Оросын тал гэрээг зөрчих, ингэхдээ Украины талыг буруутай мэт харагдуулах өдөөн хатгалга явуулах магадлалтайг анхааруулсан байна.

Украин, Орос улсууд нь дэлхийн үр тарианы томоохон экспортлогчид юм. Африк, Ойрх Дорнодын голдуу улс орнууд улаан буудайн импортынхоо ихэнх хэсгийг Украинаас авдаг. Тухайлбал Молдов улс импортынхоо 92 хувийг, Ливан 81 хувийг, Катар 64 хувийг, Тунис 49 хувийг, Ливи 48 хувийг, Пакистан 48 хувийг Украинаас авдаг байна. Гэрээнд дараах нөхцөлүүдийг тусгасан тухай дипломат эх сурвалжууд мэдээлжээ.

  • Үр тариаг тээвэрлэх үеэр Оросын тал боомтуудад довтлохгүй
  • Украины хөлгүүд Хар тэнгисийн минажуулсан хэсгээр үр тариа тээвэрлэхэд замчлах үүрэгтэй
  • Турк улс ачааны хөлгүүдэд зэр зэвсэг хулгайгаар тээвэрлэхээс сэргийлэх шалгалтыг НҮБ-ын дэмжлэгтэй гүйцэтгэнэ
  • Оросын үр тариа, бордооны экспортыг Хар тэнгисээр нэвтрүүлнэ

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Өнөөдөр Хар тэнгист итгэл найдварын гэрэлт цамхаг аслаа” гэж мэдэгджээ. Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган уг гэрээг Украины дайныг дуусгах эхний алхам байж болзошгүйг онцолсон байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “дэлхийн хүн амын хамгийн эмзэг хэсгийг өлсгөлөнгөөс аврах” нь тулгамдсан асуудал болоод байгааг мэдэгдээд АНУ-ын засаг захиргаа гэрээний хэрэгжилтэд давхар хяналт тавихыг амласан байна.

Холбоотой мэдээ