ОХУ-ын Красноярскийн хязгаарын бүс нутагтай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

               
2022-06-09 0

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Красноярскийн хязгаарын Хөдөө аж ахуйн нэгдүгээр орлогч сайд А.Н.Походин, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч «Саянмолоко» ХХК-ийн ерөнхий захирал В.А.Левицкий«Агрофедерация» хөдөө аж ахуйн хоршооны тэргүүн С.В.Матяш, «Красноярскагроплем» үржлийн малын аж ахуйн ерөнхий захирал С.В.Шадрин нарын төлөөлөгчдийг 2022 оны 06 дугаар сарын 07,08-ны өдрүүдэд хүлээн авч уулзлаа.  Монгол Улс, Красноярскийн хязгаар хооронд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжуудын тухай санал, мэдээлэл солилцон, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой ажлуудыг тодорхойлон замын зураглал гарган ажиллахаар тохиролцлоо. Төлөөлөгчид Красноярскийн хязгаарын Амбан захирагч А.В.Усс-ын Монгол Улсад 2022 оны 06 дугаар сарын 07-ноос 09-ний өдрүүдэд хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд багтан манай улсад хүрэлцэн ирсэн юм.

Красноярскийн хязгаар нь ОХУ-ын бүс нутгууд дундаас газар нутгийн хэмжээгээрээ хоёр дугаар байранд ордог бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд газар тариалангийн салбарт ашиглаж байгаа технологи, элит үр худалдан авч байгаа аж ахуйн нэгжүүдэд төрөөс олгож байгаа татаасын оновчтой бодлогын үр дүнд нэг гектараас авах улаанбуудайн хэмжээ дунджаар 30 центнер болсон, эрчимжсэн мал аж ахуйн салбарт малын зохистой тэжээл бэлтгэлт, хиймэл хээлтүүлгийн аргыг зөв ашигласнаар нэг саалийн үнээнээс гарах сүүний гарц дунджаар 19,4 килограмм хүрсэн тухай Хөдөө аж ахуйн нэгдүгээр орлогч сайд А.Н.Походин мэдээлсэн юм. Түүнчлэн Красноярскийн хязгаар нь ОХУ-д тариалагддаг нийт рапсын 13 хувийг дангаар үйлдвэрлэдэг байна.

Уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь Монгол Улсын малын гаралтай бүтээгдэхүүний экспортын нөөц боломжийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд “Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид цар тахлын нөлөөгөөр амаргүй цаг хугацаа, сорилтуудтай тулгарсан. Дэлхийн улс орнууд ард иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр бие даан, тогтвортой хангахын тулд дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэн, хөдөө аж ахуйн салбарыг оновчтой бодлогоор дэмжин, хөрөнгө оруулалт хийхийн ач холбогдлыг улам илүү ойлгож байна” гэсэн юм. Мөн төлөөлөгчдийн айлчлал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  зохион байгуулагдаж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал – хүнс үйлдвэрлэл”  үндэсний зөвлөгөөнтэй давхцаж байгааг онцлон, Улаанбаатар хотын төв талбайд манай улсын хүнсний үйлдвэрлэгчдийн бараа,  бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа нээгдсэн тул зочлон, сонирхохыг урив.

Монгол Улсын “Малын удмын сангийн үндэсний төв”-ийн захирал П.Ганхуяг, «Красноярскагроплем» үржлийн малын аж ахуйн ерөнхий захирал С.В.Шадрин нар  байгууллагуудынхаа үйл ажиллагааны чиглэл, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал, мэдээлэл солилцон, харилцан туршлага судлах, гүн хөлдөөсөн үр худалдан авах, үржлийн малын үзэсгэлэн зохион байгуулах, мэргэжилтэн сургах чиглэлээр хамтран ажиллахаар уулзалтын үеэр тохиролцов. 

Түүнчлэн Красноярскийн хязгаараас Монгол Улсад үр тариа нийлүүлэх боломжтой бөгөөд ирэх оны хаврын тариалалтад зориулан сайн чанарын үр худалдан авахын тулд одооноос эхлэн урьдчилан захиалга өгөх нь зүйтэй тухай «Саянмолоко» ХХК-ийн ерөнхий захирал В.А.Левицкий онцолсон бөгөөд тус аж ахуйн нь нийт 130 мянган гектар тариалангийн талбайтайгаас энэ онд 90 мянган гектарт элит үр тариалж байгаа болно.

Мөн Монгол Улсад нутагшуулсан  улаанбуудайн Новосибирский 31, овёсны Саян сортууд нь Красноярскийн эрдэм шинжилгээний хүрээлэнд анх гарган авсан сортууд бөгөөд цаашид манай улсын цаг уурын нөхцөлд тохируулан шинэ сортуудыг гарган авахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Тариаланчдын үндэсний холбооны төлөөлөгчид уулзалтын илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ