
Их Британийн гол салбаруудыг гаднын нөлөөнөөс хамгаалах зорилготой Үндэсний аюулгүй байдал, хөрөнгө оруулалтын тухай хууль тус улсад мягмар гаргаас хэрэгжиж эхэлжээ.
Шинэ хуулийн гол зорилгуудын нэг нь Их Британид чухал ач холбогдолтой аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг гадаадын хяналтад орохоос урьдчилан сэргийлэх явдал юм. Гол салбар дахь гадаадын томоохон хөрөнгө оруулалтыг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзэх тодорхой шалгуурыг хуульд тусгаагүй байна. Хууль зохиогчдын онцолж байгаагаар, энэ нь эрх баригчдад аюултай байж болзошгүй хэлэлцээ бүрийг нэг бүрчлэн авч үзэх боломжийг олгон, “улс орныг хамгаалах хангалттай уян хатан байдлыг” бий болгоно. Үүний зэрэгцээ “ихэнх хэлэлцээ хөндлөнгийн оролцоо шаардлагагүй байх бөгөөд хурдан хаах боломжтой” гэдгийг цохон тэмдэглэжээ.
Шинэ журамд хамаарах эдийн засгийн гол 17 салбарын дунд эрчим хүч, иргэний зориулалттай цөмийн төслүүд, батлан хамгаалах, давхар зориулалттай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэр, сансар, хиймэл дагуулын технологи, хиймэл оюун ухаан, квант технологи, дэвшилтэт робот, синтетик биологи зэрэг салбар оржээ. Эдгээр салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд ихэнх тохиолдолд гуравдагч этгээдийн санхүүгийн шахалт, хувьцааг нь худалдаж авсан тухай мэдээллийг тусгай цахим хуудсаар дамжуулан эрх баригч нарт мэдэгдэх шаардлагатай байна. Харин Засгийн газар болгоомжлол төрүүлж буй гэрээ хэлцлийг шалгах, шаардлагатай тохиолдолд хориг тавих эрхтэй байх аж. Энэхүү хууль тогтоомжийг дагаж мөрдөөгүй тохиолдолд захиргааны төдийгүй эрүүгийн хариуцлагад татагдах бөгөөд заавал мэдүүлэх шаардлагатай байсан хэлцлийг мэдэгдэлгүйгээр хийсэн тохиолдолд хүчингүй болгоно.
Шинэ хуулийн төслийг 2018 оноос хойш боловсруулжээ. Их Британийн эх хавтан үйлдвэрлэгчид болох “Newport Wafer Fab”, “Exception PCB” компаниудыг Хятадын хөрөнгө оруулагчид худалдаж авсан зэрэг томоохон дуулиан дэгдсэний дараа тус улсын улстөрчид шинэ зохицуулалт шаардлагатай байгааг шаардаж эхэлсэн байна.

0 cэтгэгдэлтэй