Чингис хот-Ульхан боомт чиглэлд эхлүүлсэн авто замын үргэлжлэл 248.3 км бүтээн байгуулалтыг эхлүүллээ

               
2022-07-03 0

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд улсын хэмжээнд хилийн 14 боомтыг авто болон төмөр замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлэн  ажиллаж байгаа. Эдгээрийн нэг нь Хэнтий аймгийн Чингис-Бэрх-Ульхан боомт чиглэлийн 318.3 км авто замын бүтээн байгуулалт юм. Уг авто замын эхний 70 км буюу Чингис-Бэрх чиглэлийн хатуу хучилттай авто зам бэлэн болсон. Үүний үргэлжлэл 248.3 км авто замын төслийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон засгийн газрын гишүүд Хэнтий аймгийн Норовлин суманд өнөөдөр /2022.07.03/ ажиллахдаа бүтээн байгуулалтыг эхлүүллээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтуудыг хатуу хучилттай авто зам болон төмөр замаар холбох ажлын хүрээнд Чингис хотоос Ульхан боомт хүртэл 318 км замын барилгын ажлыг өнөөдөр нээлээ. Энэхүү замыг ашиглалтад оруулснаар зүүн аймгууд ОХУ-ын Чита мужтай холбогдох боломж бүрдэнэ. Үүний дараа бид Чингис хотоос Бэрх тосгон хоорондох 70 км автозамыг байнгын ашиглалтад хүлээж авна.  Эхний багцын хэсгийн 68 км авто замыг “Наранбулаг-хан” ХХК, багц 2-р хэсгийн 62 км авто замыг “Мотор сервис” ХХК, Норовлин-Баян-Уул чиглэлийн 68.3 км авто замыг “Монгол зам групп” ХХК тус тус хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан, барилгын ажлаа эхлүүлээд байна.  “Наранбулаг-хан” ХХК, “Мотор сервис” ХХК, “Монгол зам групп” ХХК компаниудын ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцахад гүйцэтгэл, ажлын явц, чанар, зохион байгуулалт маш сайн байсан. Манай авто замын үндэсний компаниудын инженер техникийн ажилчид дадлагажиж, чанартай, гүйцэтгэж байгааг онцлон хэлмээр байна. Авто замчиддаа амжилт хүсэж, бүтээн байгуулалтаа энэ жишгээрээ чанартай, шуурхай гүйцэтгэхийг хүсье” гэв. 

Чингис хот-Батноров-Норовлин-Дорнод аймгийн Баян-Уул-Ульхан чиглэлийн улсын чанартай авто зам ашиглалтад орсноор зүүн гурван аймаг ОХУ-ын Дээд Ульхан хилийн боомттой шууд холбогдоно. Чита мужаар дамжин ОХУ-тай хатуу хучилттай авто замаар холбогдсон хилийн боомтын тоо нэгээр нэмэгдэнэ. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд ОХУ-руу  аялал жуулчлал хөгжүүлэх, бизнес эрхлэх таатай боломж бүрдэх давуу талтай.

Холбоотой мэдээ