Товчхон
               

Казахстаны Алматы хот, Мангистау мужид онц байдал зарлалаа

               
2022-01-05 0

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев шингэрүүлсэн нефтийн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байгаа тус улсын хамгийн том хот болох Алматы болон Мангистау мужид онц байдал зарлалаа.

Онц байдлын дэглэм нэгдүгээр сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Ерөнхийлөгчийн зарлигт мөн оройн 11 цагаас өглөөний 7 цаг хүртэл хөл хорих цаг тогтоож, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Токаев өмнө нь дүрс бичлэгээр үг хэлэхдээ, жагсагчдад хууль бус үйлдэл гаргахгүй байхыг уриалсан байна.

Түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Берик Уалигийн “Facebook” хуудсанд нийтэлсэн энэхүү дүрс бичлэгт Токаев эсэргүүцлийн жагсаалын улмаас Засгийн газар унахгүй, Казахстан улсад зөрчил мөргөлдөөн хэрэггүй, харин харилцан итгэлцэл, яриа хэлэлцээ хийх шаардлагатай гэж мэдэгджээ.

Тэрбээр мөн ард иргэддээ хандан өдөөн хатгалгад автахгүй байхыг хүсээд төрийн байгууллага, цэргийн байгууламж руу халдах нь хууль бус гэдгийг сануулсан байна.

Токаев мөн лхагва гарагт Засгийн газрын хуралдаан зохион байгуулж, жагсагчдын шаардлагыг хэлэлцэнэ гэж твиттер хуудсандаа амласан байна. Ням гарагт Казахстаны Мангистау мужид шингэрүүлсэн хийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор эхэлсэн эсэргүүцлийн жагсаал мягмар тус улсын бараг бүх томоохон хотуудыг хамарч, жагсагчид цагдаа нартай мөргөлджээ.

Мягмар гарагт Алматы хотын цагдаа нар хотын захиргаа руу дайран орох гэж оролдсон хэдэн зуун жагсагчийг тараахын тулд нулимс асгаруулагч хий, чимээ гэрэл гаргагч гранат ашигласан байна.

Алматы хотод ажиллаж буй “AFP” агентлагийн сэтгүүлчдийн мэдээлснээр, хэд хэдэн жагсагч, цагдаагийн ажилтнууд бага зэргийн гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна. Үймээн дэгдээгчдийг баривчилсан тухай мөн мэдээлэв. Казахстаны “zakon.kz” цахим хуудсанд мэдээлснээр орой нь цагдаа нар бараг бүх жагсагчийг Бүгд Найрамдах Улсын талбайгаас холдуулсан бол үймээний үеэр цагдаагийн хэд хэдэн машин шатжээ. Алматы хотод дэлбэрэлтийн чимээ шөнө сонсогдсоор байсан гэж нүдээр үзсэн хүмүүс болон сурвалжлагчид мэдээлжээ.

Засгийн газрын комисс жагсагчдад шингэрүүлсэн хийн үнийг бууруулахаа амлаж, тэднийг хариуцлагад татахгүй байх баталгаа өгсөн хэдий ч жагсагчдын олонх нь тараагүй байна.

Холбоотой мэдээ