Товчхон
               

Иргэний нисэхийн нэрэмжит “Буянт-Ухаа” төгөл нээгдлээ

               
2022-05-22 0

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 97 жил, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын 65 жилийн ойн хүрээнд тус нисэх буудлын өмнөх талбайд Иргэний нисэхийн нэрэмжит “Буянт-Ухаа” төгөл байгуулагдлаа. Нийт 5800 м2 талбайд мод, амрах саравч, сандал, явган зам, ногоон зүлэг бүхий төглийн нээлт тавдугаар сарын 21-ний бямба гарагт боллоо.

Нээлтийн үеэр “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын дарга Л.Отгонжаргал “Бид  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод тарих өдөр төглийнхөө модыг тарьсан. Мөн Монгол Улсад хамгийн анхны нисгэгчдийг бэлтгэж байсан түүхт Як-18, МИ-4 загварын 2 онгоцыг авчирч, олон хүн ирж харж, үзэх болмжийг олгон байрлууллаа. Онгоцоо засварлах ажил болон төглийн маань зам, сандал, саравч гээд бүгдийг манай ажилтан, албан хаагчид хийж бүтээсэн. Хамт олны маань сэтгэл шингэсэн энэ сайхан төглөө өнөөдөр нээж байгаадаа маш их баяртай байна” гэлээ.

Улс орон даяар болон салбарын хэмжээнд хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан төгөл байгуулах төсвийг хамт олны хандиваар бүрдүүлэх зорилгоор “Нэг ажилтан-Нэг мод” аяныг өрнүүлж, цугласан хандиваар энэхүү төглийг байгуулсан юм.

Төглийн урд хэсэгт чулуун барималч Ж.Түвшинжаргалын “Цагаан шонхор” хэмээх бүтээлийг байрлуулжээ. Чулуун барималч Ж.Түвшинжаргал хэлэхдээ “Нисэх онгоц гэдэг үргэлж хөх тэнгэрт дүүлж байдаг. Нисэхийн салбарын хамт олон та бүхэн үргэлж хүмүүсийн ертөнцийг харах үүдийг нээж, сайн сайханд хүргэж байдаг. Тиймээс энэхүү бүтээлээ Монгол Улсын нисэх хүчин үеийн үед дэлхий нийтэд сайн сайхныг түгээж, та бүхний ажил үйлс шонхор шувуу шиг тэнгэрлэг байхыг бэлгэдэж, дэлхийн бөмбөрцөг дээр дүүлж буй шонхор шувууг дүрслэн хийлээ” гэсэн юм.

Ийнхүү их хотын иргэд, хөгшид, хүүхэд залуус амарч зугаалах нэгэн шинэ төгөл Буянт-Ухаагийн буурал дэнжид байгуулагдлаа.

Холбоотой мэдээ