“Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд” Толбо нуурын хөвөөнд эхэллээ

               
2022-07-26 0

Нүүдэлчин монголчуудын түүх, хэл, соёл, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг идэвхжүүлэх хүүхэд, залуучуудад ёс уламжлалаа гүнзгий таниулах, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх, ардын авьяастнуудын хөдөлмөр, зүтгэлийг үнэлэх, алдаршуулах, эрдэм авьяасыг нь өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, уламжлал болгон зохион байгуулах зорилготой “Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд” баярын арга хэмжээ өчигдөр /2022.07.25/ Толбо сумын Толбо нуурын хөвөөнд эхэллээ.

Нээлтийн концертын үеэр дээрх угсаатнуудын язгуур өв соёл, зан заншил, уламжлалыг харуулсан үзүүлбэр тоглолтуудыг үзүүлсэн юм. Үүнээс гадна Урианхайчууд газар ус, тэнгэр шүтэх, овоо тахих уламжлалыг ч үзүүллээ. Магтаалч, бий бийлээчид, цуурчийн өвөрмөц уран бүтээлүүдээ өргөн барилаа.

“Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд”-ийн бас нэг онцлог нь баяр наадамд хүрэлцэн ирсэн зочид гийчид Монгол, Тува, Өвөрмонгол, ШУӨЗО-ны урианхайчуудын хэл аялгуу, хувцас хэрэглэл, өв соёлыг бодитоор үзэж сонирхох боломж олгосон явдал байлаа. Баяр наадамд Баян-Өлгий аймгийн уугуул иргэдээс гадна Ховд, Говь-Алтай, Дархан, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл аймаг, Улаанбаатар, Эрдэнэт хот, Налайх, Тувагийн БНУ-ыэ өвлөн уламжлагчид, Өвөрмонгол, ШУӨЗО-ны алтайн урианхайчууд олноор хүрэлцэн ирж оролцжээ.

Мөн язгуур урлагийн аман билгийн тууль, ерөөл магтаал, хөгжим, шоо яриа, дуу болон эрт цагаас уламжлагдан ирсэн нэн ховордсон хуучны тоглоом наадгайн тэмцээн ч эдгээр өдрүүд зохион байгуулагдах юм байна.

Тус арга хэмжээг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ч.Ундрам нар санаачлан, “Урианхас өв соёлын нийгэмлэг” ТББ болон “Монгол Тувагийн хамтын ажиллагааны нийгэмлэг” ТББ- уудтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Соёлын яам бодлогын хүрээнд дэмжин ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ