Товчхон
               

Олимп, дэлхийн аварга Алина Загитова Монгол Улсын ЭСЯ-нд зочилжээ

               
2022-07-28 0

ОХУ-ын уран гулгалтын шилдэг тамирчин, Олимпийн аварга, дэлхийн аварга Алина Загитова Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зочилж, дэлхий дахинд сая сая үзэгчтэй уран гулгалтын спортыг манай оронд хөгжүүлэхэд Монголын сонирхогч байгууллага, бизнес, спортын зүтгэлтнүүдтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцжээ.

Нэрт тамирчныг Элчин сайдын яаманд цаг гарган хүрэлцэн ирсэнд Элчин зөвлөх Д.Хасар талархал илэрхийлж, мөсөн дээрх хоккей, уран гулгалтын тэмцээнүүдийг монголчууд шимтэн үздгийг сонирхуулж, залуу тамирчны их спортын ертөнцөд үзүүлсэн онцгой амжилтаар манай спортын хорхойтнууд бахархдаг гэдгийг дуулгасан байна.

Улаанбаатар хотод олон улсын олимпийн хорооны үндсэн шаардлагуудыг хангасан, 2500 хүний суудал бүхий өвлийн спортын Мөсөн өргөө жилийн өмнө ашиглалтад орсныг Элчин сайдын яамны зөвлөх Ц.Ганболд танилцуулж, Мөсөн өргөөг бүтээн байгуулсан “Степпе арена” компанийн удирдлагууд олимпийн аваргыг Улаанбаатарт ирэх намар айлчлуулж, талын Монголд уран гулгалтын спортыг хөгжүүлэх эхний томоохон алхам хийх эрмэлзэлтэй байгааг уламжилж, Алина Загитовагаас энэ саналыг нухацтай бодож үзэхийг хүсжээ.

Энэ үеэр “Степпе арена” компанийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан олимпийн аваргатай цахимаар холбогдож, боломжит хамтын ажиллагааны тодорхой санал тавьсныг Алина Загитова болон түүний менежер Мария Купцова нар сонирхон хүлээн авч, ажил хэрэг болгох талаар илүү нарийвчилж ярилцахаар тогтжээ.

Холбоотой мэдээ