СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж, 1-5 насны гурван хүүхэд энджээ

               
2022-07-30 0

Ахуйн гал түймэрт бага насны гурван хүүхэд өртөж амиа алджээ.

Тодруулбал, Булган аймаг, Тэшиг сумын нутагт айлын байшин шатаж байна гэсэн мэдээлэл өчигдөр 11:00 цагт Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Мэдээллээр тус сумын Засаг даргаар ахлуулсан 100 хүн, 20 автомашинтай очиж 1 цаг 40 минут ажиллаж, 9х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраажээ. Гэвч уг гал түймэрт 1-5 насны гурван хүүхэд өртөж эндсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тухайн өдрийн 19:10 цагт Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид, Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч очиж гал түймэр гарсан газарт үзлэг шалгалтыг зохион байгуулж ажиллажээ.

Түлэгдэхээс сэргийлэх

  • -Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
  • -Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,
  • -Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,
  • -Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
  • -Зуухны тагийг заавал түгжиж байх,
  • -Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.

Тогонд цохиулахаас сэргийлэх

  • -Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах, эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх,
  • -Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,
  • -Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах

Галын аюулаас сэргийлэх

  • -Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
  • -Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
  • -Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
  • -Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх

Холбоотой мэдээ