Дэлхийн хамгийн богино өдөр зургаадугаар сард бүртгэгджээ

               
2022-08-05 0

Эрдэмтэд зургаадугаар сарын 29-ний өдрийг ажиглалтын түүхэн дэх дэлхийн хамгийн богино өдөр буюу ердийн 24 цагтай өдрөөс 1.59 миллисекундээр богиноссон өдрөөр бүртгэжээ. Энэ нь дэлхийн тэнхлэгийнхээ дагуу эргэх хурд ихэссэнийг харуулж байна гэж АНУ-ын Смитсоны хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “The Smithsonian” сэтгүүл мэдээлсэн байна. 

“Атомын цагуудын сүүлийн үеийн хэмжилтүүд нь дэлхийн эргэлт аажмаар хурдсаж байгааг харуулж байна. Жишээлбэл, 2020 онд эрдэмтэд бүх цаг үеийн ажиглалтын хамгийн богино 28 өдрийг тэмдэглэж авчээ. Долоодугаар сард бас нэг рекорд эвдсэн өдөр бүртгэгдсэн” тус сэтгүүлд мэдээлжээ.

Дэлхий болон бусад гараг буй болсныхоо эхэн үедээ маш хурдан эргэлддэг байсан боловч дараа нь тэнхлэгээ тойрон эргэх хурд нь саарсан гэж геологичид, одон орон судлаачид үздэг байна. Манай гаргийн хувьд шалтгаан нь дэлхийн тойрог замд Сар бий болсонтой холбоотой бөгөөд дэлхийтэй байнгын таталцлын харилцан үйлчлэл нь сүүлийн 4.3 тэрбум жилийн хугацаанд өдрийн уртыг аажмаар нэмэгдүүлжээ.

Харин сүүлийн гурван жилд эрдэмтэд эсрэгээрээ өдрийн үргэлжлэх хугацаа уртсах биш харин богиносож эхэлснийг ажиглажээ. 2020 оноос хойш одон орон судлаачид нийтдээ 30 орчим богино өдрийг бүртгэсэн нь эрдэмтэд өдрийн уртыг ажиглахын тулд атомын цагийг ашиглаж эхэлсэн 1973 оноос хойших бүх хэмжилтээс богино өдрүүд ажээ.  

Одоогийн байдлаар судлаачид өдрийн үргэлжлэх хугацаанд гажиг үүсэх шалтгаан нь яг юутай холбоотой болохыг хэлж чадахгүй байна. Гэхдээ өдрийн урт богиносож байгаа нь гаргууд эргэлдэж байгааг илтгэнэ гэж үзэж байна. 

Эрдэмтэд энэ үйл явцыг атомын цагийн тусламжтайгаар, мөн өнгөрсөн эрин үед дэлхийн эргэлтийн хурдын удаашралыг тооцоолох боломжийг олгодог янз бүрийн чулуужсан олдворууд, эртний түүхүүдийн тусламжтайгаар нэлээд эртнээс ажиглаж эхэлжээ.

Холбоотой мэдээ