Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо

               
2022-08-08 0

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилж байна. 

Өнөөдөр манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар хамтарсан мэдэгдэл хийж байна.

Сайд Б.Батцэцэг: 

“Ван И сайдтай хийсэн хэлэлцээний үеэр Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, дээд болон өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийн хадгалах, эдийн засгийн болон бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол-Хятадын хилийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцлаа. 

Мөн хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааны идэвхжүүлж, 2023-2024 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй, цар тахал бүрэн намжаагүй энэ үед Иж бүрэн стратегийн харилцаатай найрсаг хөршийн хувьд харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн өргөжүүлж, илүү ойр дотно хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.

Хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарцыг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд тогтвортой явуулах нөхцөл бүрдэж байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын явцыг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эрчимжүүлэхээр хоёр тал тохиролцсон. Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг 2021 онд хэрэгжүүлснийг тэмдэглэж, цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ. Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохирч, Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо. 

Хятадын далайн боомтуудаас манай улсыг зорих галт тэрэгний цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэг солилцооны тоог нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлаар ярилцлаа. Хоёр орны төрийн тэргүүн нар хэлэлцэн тохирсон байгаль орчныг хамгаалах асуудлаар тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, шороон шуургатай тэмцэх чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирлоо.

Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д суралцдаг монгол оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцож, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулж, сэргээхээр тохиролцлоо.

Өнөөдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байна. Ван И сайдын манай улсад хийж буй айлчлалын үеэр Монгол, Хятадын хамтын ажиллагааны зарим тодорхой асуудлыг шийдвэрлэж, бодит үр дүнд хүрсэн гэж дүгнэж байна. Монгол, Хятадын найрсаг хамтын ажиллагаа цаашид үр өгөөжтэй үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна ” гэв.

Сайд Ван И: 

“Монгол Улсад дахин айлчилж байгаадаа баяртай байна. Улаанбаатарын хотын сайхан өөрчлөлтүүд харагдаж байгаад баяртай байна. Талууд бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, бүс нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ дахин нотолсон. Мөн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэнэ. Түүнчлэн Монголын тал Нэг Хятад бодлогыг тууштай баримтлахаа дахин нотолсон. Бусад орон Хятадын Тайвань, Төвд Шинжаан, Хонконгтой холбоотой асуудалд хөндлөнгөөс оролцож байгааг шүүмжилснийг бид сайшааж байна” гэлээ.

Холбоотой мэдээ