АНУ-ын шүүх: Рио Тинто Оюу толгойн зардлын хэтрэлтийг нуун дарагдуулсан

               
2022-09-07 0

Рио Тинто групп өнгөрсөн долоо хоногт Оюу толгойн 66 хувийг эзэмшигч Туркойз Хилл Ресурс компанийн 49 хувийг 3.3 тэрбум ам.доллараар худалдан авах зарчмын тохиролцоонд хүрсэн. Тодруулбал, Рио Тинто Туркойзын жижиг хувьцаа эзэмшигчдын нэгж хувьцаанд 32.72 ам.доллар бэлнээр төлөх санал тавьсан нь Австралийн хөрөнгийн биржийн тухайн үеийн ханшаас 19 хувиар өндөр байсан юм.

Тэгвэл АНУ-ын Нью-Йорк хотын Манхаттан дүүргийн шүүх мягмар гаригт “Пентватер Капитал Менежмент” сан 2018 онд Оюу толгой төслийн зардал, хугацаа хэтэрсэн асуудлаар Рио Тинтогийн эсрэг гаргасан нэхэмжлэлийн шүүх хурлын шийдвэрийг ил болголоо.

Туркойзын 10 хувийг эзэмшигч, АНУ-ын Чикагод төвтэй “Пентватер Капитал Менежмент” хөрөнгө оруулалтын сан Оюу толгойн далд уурхайн зардал анх тооцоолсноос 1.45 тэрбум ам.доллараар хэтэрч, бүтээн байгуулалтын ажил 22 сараар хойшилсон асуудлыг Рио Тинто нуун дарагдуулсан. Төсөл төлөвлөгөөний дагуу, төсвийн хүрээнд хэвийн үргэлжилж байгаа гэж хөрөнгө оруулагчдыг хууран мэхэлсэн гэх шалтгаанаар Рио Тинтог шүүхэд өгсөн. Мөн Оюу толгойн менежментийг хэрэгжүүлэгчид төслийн талаарх чухал мэдээллийг нуун дарагдуулснаас болж жижиг хөрөнгө оруулагчид анх оруулсан хөрөнгийнхөө дөрөвний гурвыг алдсан гэж мэдүүлдэг.

Харин мягмар гаригт олон нийтэд ил болсон 134 хуудас шүүхийн шийдвэрт “Рио Тинто төслийн бүтээн байгуулалтад саатал гарч, зардал хэтэрсэн гэдгийг мэдэж байсан. Мөн Рио Тинто асуудлыг шийдвэрлэж, хөрөнгө оруулагчдад мэдэгдэхийн оронд энэ талаар мэдээлсэн хүмүүсийн амыг таглахыг оролдож байсныг нэхэмжлэгч тал хангалттай нотолж байна” гэжээ. 

Рио Тинто болон Туркойзын зүгээс одоогоор энэ асуудлаар ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна. Мөн Пентватерын өмгөөлөгч Сальваторе Грациано энэ асуудлаар тайлбар өгөхөөс татгалзжээ.

Тухайн үед, Рио Тинтогийн зүгээс Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшилж, зардал хэтэрсэн шалтгааныг өмнө нь төлөвлөөгүй геотехникийн хүндрэл үүссэнтэй холбон тайлбарлаж байв. Тэгвэл 2021 онд Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэг уг асуудалд хөндөнгийн шинжээчээр хяналт хийлгүүлсэн. Хөндлөнгийн шинжээчид Оюу толгойн гүний уурхайн зардал хэтэрч, бүтээн байгуулалт удааширсан нь геотехникийн нөхцөл байдлаас үүсээгүй гэж дүгнэсэн байдаг. Улмаар хөндөнгийн шинжээчдийн багийн дүгнэлт Оюу толгойн асуудлаарх Монголын Засгийн болон Рио Тинтогийн маргааны хөзрүүдийн нэг болж ирсээр өнгөрсөн нэгдүгээр сард төслийн менежмент хэрэгжүүлэгч тал Монголын талын 34 хувьд ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийн бичилтийг тэглэж байв.

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ