“Хотын төвд машин зогссон ч, хөдөлсөн ч төлбөр төлөх ёстой”

               
2022-09-14 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүд, Нийслэлийн Засаг дарга нарын хамт Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай өчигдөр /2022.09.13/ уулзсан.

Энэ үеэр Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нийслэлийн түгжрэлийг бууруулахад авах зарим арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Түгжрэл маш том цогц асуудал. Түгжрэлийн асуудлаар Ерөнхий сайдад танилцуулга хийхээр бэлдсэн. Түгжрэл хууль зүй, эдийн засаг, нийгэм, хувь хүний асуудал болон хувираад байна. Түгжрэлтэй ойрын болон урт хугацааны тэмцэнэ. Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт харьцаа гэж үзвэл улс орны макро эдийн засгийн бодлогод бүх салбар татагдан орно. 

Улаанбаатар хотын түгжрэл

  • Хот төлөвлөлт
  • Авто замын сүлжээ
  • Зорчилт хөдөлгөөн
  • Нийтийн тээвэр гэсэн дөрвөн чиглэлд задарна.

Энэ жилийн улсын төсөвт түгжрэлийг бууруулахаар тусгагдсан 420 тэрбумыг энэ хүрээнд хийгдэх дараагийн гурван жилд хийгдэх ажлуудад зарцуулна. Энэ мөнгийг бүрэн зарцуулчаагүй. Энэ мөнгө хаашаа орчихов оо гэж хүмүүс ярьж байна. Зарим хөрөнгө оруулалтыг сургууль, цэцэрлэг рүү орсон. Хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь сургууль, цэцэрлэгт оруулдаг болсноор эцэг эх нь машинаар хүүхдээ хүргэж өгдөг тохиолдол 20-30 хувиар буурсан.

Сайдын хувьд хэрэгжүүлэх гэж байгаа миний гол бодлого хүн 14 хоногт өөрийнхөө орон зайг 40-өөс илүү хувь төрд мэдүүлэх ёсгүй. Өөрөөр хэлбэл 14 хоногийн 3-4 хоногт нь төр зохицуулалт хийх эрхтэй байх ёстой болохоос биш дийлэнхэд нь төр оролцож болохгүй гэсэн хүний эрхийг хатуу зарчмыг баримтална.

Засгийн газрын хуралдаан дээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороогоо шинэчлэн байгуулна. Түгжрэл дээр хамгийн гол нь эдийн засгийн хөшүүрэг шүү. Хотын төвд машин зогссон ч, хөдөлсөн ч төлбөр төлөх ёстой. Үүнийг дэмжээрэй гэж иргэдээс хүсэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ