УРАГШГҮЙ ТӨРИЙН “УЛНЫ САЙД”

               
2022-09-27 1

ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг “улны айл” гэж хэлэх хүртэл гутлын ул гэж сонсож байлаа.
Гэхдээ төрийн сайд нь индэрийн араас ард түмнээ доромжилсны дараа “ул” гэдэг үгийн
утгыг Я.Цэвэлийн толиос харлаа. Энэ тольд “ул” үгийн тайлбарыг “хөл, гутал, оймсны
гишгэх доод тал, таваг, хөлийн ул, зарим багаж хэрэгсэл зүйлийн доод тал” зэргээр
тайлбарлажээ. Үндсэндээ ул гэдэг нь хамгийн ёроол гэсэн үг.
Тэгвэл Д.Сарангэрэл сайд иргэдээ ядуурлаас гаргахаар, товчхондоо улны айлуудыг
өлмийний ч юм уу өсгийний ч юм уу болгохоор их л том бодлого боловсруулсан юмсанж.
Эмгэнэлтэй нь өнөөх бодлого нь 1500 “улны айл”-д үсний сэнс, сам тараах юмдаг уу даа.
Зүгээр л хэн нэгний шахаагаар ирсэн үсний сэнс, сам мэтийг татвар төлөгчдийн мөнгөөр
хувааж идэхээ “соёлтой”-гоор зарлах гэснээ “улны айл” гэж үгийн буруу сонголт хийлээ
гэж “хатан ижийн нулимс” унагахын зэрэгцээ, “Би та нарыг ядуурлаас аврах гээд шөнө
нойргүй ажиллаж байна” гэж гомдоллов.
Сайд аа, та нойргүй хонох шаардлага огт байхгүй, зүгээр л ажил хийж чаддаг хүнээр нь
хийлгээд тайван амрах эрх бас сонголт бий. Үнэндээ таны “улны айл” гэж ад үзсэн
хэмжүүрт чинь хэн хэн хамрагдаж байна вэ? Идэх хоол, унтах нойроо хасаад амьдралын
төлөө хичээж байгаа залуус, төрөөс юу ч гуйгаагүй ч татвар, мэргэжлийн хяналт, нийгмийн
даатгалын дарамтад орж, дансаа хаалгасан ч ажилтнуудынхаа цалинг бүтэн өгөх гэж
зорьж яваа бизнес эрхлэгчид энэ улсыг авч яваа.
Таны нэрлээд байгаа тэр “улны айл”-ыг өнөөгийн монгол төрийн бодлого, та бүхний
хувааж идэх гэсэн асар их шунал бий болгосон. Та бүхэн тендер нэрээр, ажилгүйдлийг
бууруулах хөтөлбөр, сургах гэсэн чамин нэрээр татвар төлөгчдийн мөнгийг хувааж идсээр
“тэргүүний айл”-ууд болсон уу. Ажиллаад ажиллаад олсон хэдэн төгрөг нь хаанаа ч
хүрэхгүй, үнийн өсөлтөд дарлуулсан ч татвараа үнэнчээр төлөөд зүтгэж яваа залуус таны
тодорхойлолтоор “өлмийний, өсгийний, шагайны” айл болж чадах нь уу.
1500-хан айлд үсний сэнс, сам тараагаад ядуурал буурахгүй нь үнэн. Та болон танд үсний
сэнс шахаж байгаа нөхөр хоёр л өнөөх “улны айл”-уудынхаа амьдралаас хол тасрах нь
тодорхой. Тэгээд ч сам, сэнстэй бүхэн үс засаад байдаг бол мэргэжлээ эзэмшээд
мэргэшээд ажиллаад, амьдралаа аваад явж байгаа мянга мянган үсчин яагаад таныхаар
“улны айл” хэвээр л байгаа юм. Тэд яагаад “өсгийний, өвдөгний, нурууны” айл болж
чадахгүй байна? Танд нэг статистик яамныхан нь танилцуулсан гэсэн цаас харж, иргэдээ
доромжилж суухаар бодит байдалд нэг очиж үзсэн үү. Ер нь танд наад “улны яам”, “улны
сайд” хоёр чинь хэтэрхий хүнддээд байгаа юм биш үү. Залуус аль хэдийнэ “NoSarangerel
гээд давалгаалаад эхэллээ. “Улны яам”-аа хүлээлгэж өгөөд бүтэн нойртой хононо уу даа.

  • 2013 оноос иргэдээ  ингэж  ёжлодог доромжилдог болсон байхаа аль дээрийн УЛны хүн улны айл Улны иргэд  бий болсон байх шүү 

Холбоотой мэдээ