
Дэлхийд үнэлэгдэх Монгол инженерүүдийг бэлтгэж, хамтдаа олон улсын жишигт нийцсэн Монгол компанийг байгуулахаар Nest Academy болон MStars Academy нэгдлээ.
Nest Academy 2018 онд олон улсад үнэлэгдэх нэг түмэн монгол инженерийг бэлтгэх зорилттойгоор байгуулагдсан ба өдгөө 50 гаруй инженертэй өнөр хамт олон болжээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төгссөн 100 гаруй инженер бүгд ажлын байртай болсон бөгөөд технологийн салбарт түүчээлэх шинэ үеийн иргэдийг бэлтгэжээ.
М-Си-Эс Венчерс компанийн Монгол Улсад стартап экосистемийг хөгжүүлэх зорилгын хүрээнд үүсгэн байгуулагдсан MStars Academy нь чадварлаг full-stack инженерүүдийг бэлтгэх зорилттойгоор 2021 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.
Нэгэн ижил зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй Nest Academy болон MStars Academy нь илүү өндөр үр дүнд хүрэхийн тулд хүчээ нэгтгэж, нэгдмэл зорилготой ажиллах шийдвэрийг гарган, Pinecone нэрээр дэлхийд гарах бэлтгэлээ эхлүүллээ. Монгол хүүхэд, залуусыг дэлхийн хэмжээний инженерүүд болон боловсорч гүйцэх хүртэл бойжуулах том экосистем нь болж, боловсорсон үр нь тархан дэлгэрч өтгөн ой болж тэлэхийг бэлгэшээн “Боргоцой” буюу Pinecone хэмээн нэрлэсэн юм.
Мөн Pinecone нь олон улсын туршлагатай хөгжүүлэгчид болон бэлтгэн сургасан төгсөгчдийн хамтаар олон улсад мэдээллийн технологийн Unicorn буюу тэрбум ам.долларын үнэлгээ бүхий компани болж гарах зорилготойгоор Pinecone Studio-ийг шинээр төрүүлж байна.


Ийнхүү Pinecone компани насанд хүрэгчдэд болон ахлах ангийн сурагчдад зориулсан мэдээллийн технологийн инженер бэлтгэх Pinecone Academy, олон улсад хиймэл оюун ухааны чиглэлээр Unicorn болох зорилготой Pinecone Studio хэмээх программ хангамж хөгжүүлэлтийн нэгжээс бүрдэн үйл ажиллагаагаа явуулахаар боллоо.

0 cэтгэгдэлтэй