Намрын чуулган: Эдийн засгаа аврах уу, эс аврах уу

               
2022-10-03 0

УИХ-ын 2022 оны намрын чуулган нээлтээ хийлээ. Үүнтэй зэрэгцээд энэ удаагийн чуулганаас эх орныхоо эдийн засгийг аврах уу, эс аврах уу гэх хүлээлт үүсээд байна. Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээх хөтөлбөр хэрэгжүүлж буй хэдий ч одоогийн байдлаар ам.долларын нөөц эрс буурч, 3500 төгрөгт хүрсний зэрэгцээ өргөн хэрэглээний бараа
бүтээгдэхүүний өнийн өсөлт дийлдэхээ болиод байна. Мэдээж энэ бүхэн иргэдийн нуруунд ирэх дарамтыг ихэсгэж, ядуурал ажилгүйдлийн түвшин өндөрт гарлаа. Ингэснээр монголчууд “улныхан” гэж цоллуулж, хувь өрхийн хэмжээнд санхүүгийн бүрэн уналтад ороод байгаа гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас Засгийн газар, эрх баригчдад шинэ сэргэлтийн бодлого, ард түмэндээ
амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд энэ удаагийн чуулган илүү төвлөрч ажиллах шаардлага зүй ёсоор тулгараад байна. Инфляци улсын хэмжээнд сүүлийн 10 сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, үнийн өсөлтөөс шалтгаалж ард иргэд, өрхийн болон бизнесийн бодит орлого, цалин буурсан статистик бэлэн бий. Гэтэл төлбөрийн тэнцлийн алдагдал оны эхний найман сарын
байдлаар 1.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж буурсан нь харанга дэлдэж байгааг тоохгүй өнгөрч болохгүй. Үндсэндээ энэ нөхцөл байдал цаашид үргэлжилбэл ард иргэдийн амьжиргааг улам доройтуулах, үнийн өсөлтийг гааруулах, эдийн засгийн сэргэлтийг удаашруулах бодит эрсдэл нүүрлэж байгаа юм.

Тэгвэл УИХ-ын дарга намрын чуулганы нээлтийн үеэр “Хамжихгүй бол амжихгүй” бүх нийтийн аян өрнүүлэх тухай санал хэлнэ лээ. Тодруулбал, эдийн засгийг яаралтай тогтворжуулах бодлогын таван цогц арга хэмжээ авах гэнэ. Өөрөөр хэлбэл, 2023 оны төсвийг хэлэлцэн батлахдаа өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд шинжлэх ухаанчаар дүн шинжилгээ
хийж, үр ашиггүй зардлыг хэмнэж, үнийн өсөлт, импортын хэрэглээг өдөөх зардал, хөрөнгө
оруулалтуудыг царцаан танаж, халамж, бүтээмжийн бодлогод шаардлагатай тохиргоо хийж, төсвийн алдагдлыг бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг
хангахад юуны түрүүнд анхаарах юм байна. Цаашлаад орлогын реформ хийж “Орлоготой иргэн”
хөтөлбөр хэрэгжүүлэх. Төсвийн байгууллагууд орлого олж цалингаа нэмэх эрх зүйн орчин боломжийг бүрдүүлэх, улмаар татварын бааз суурийг өргөтгөн, төсвийн орлогыг нэмэгдүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулах явдал гэж үзэж байгаа гэнэ. Мөн орлого өгөөжгүй зүйлд мөнгө зарахгүй байх зарчмыг баримталж, үр дүн, гүйцэтгэлийн санхүүжилтийн зарчимд шилжих аж. Аж үйлдвэржилтийг дэмжиж, бизнесийн орчныг эрс сайжруулан, хөрөнгө оруулалтыг татах шаардлага байгааг ч дуулгалаа. Үүний хүрээнд хөрөнгө оруулалтыг эдийн засгийн бүхий л салбарт нэмэгдүүлэх, нээлттэй, ойлгомжтой, харилцан ашигтай, шударга байх зарчмыг баримтлах, Засгийн газраас зарласан хөгжлийн төслүүдийг төр, хувийн хэвшлийн оновчтой түншлэлд тулгуурлан аж үйлдвэржилтийн сэргэлтийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж
онцолсон. Мэдээж Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдад халгаатай орнуудын нэгт багтчихсан байгаа энэ үед имижээ өсгөхгүй бол энэ тийм ч сайн санаа бас биш гэдгийг дурдахгүй өнгөрч боломгүй. Мөн УИХ-ын дарга иргэний хяналтыг бий болгох тухай дурдсан. Тэмцэж чаддаггүй ард түмэн мөхдөг эгж үг бий. Тиймээс монголчуудыг төрийн үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн боломж олгоосой гэх хүлээлт ч үүслээ. Сүүлийн үед ард иргэд болохгүй байгаа зүйлсийн төлөө
нэгдэж тэмцэж байгаа нь бас ч гэж бодлогын түвшинд яригдахаар болж буй нь сайшаалтай. Хэдийгээр УИХ-ын намрын чуулганы нээлтийн үг “гоё ганган” байсан ч үүнийг бодит ажил хэрэг болгох хариуцлага эрх баригчдад тулгараад байна. Үгүй бол хоёрхон жилийн дараа сонгууль болох учраас тэр үед хэр дүн авахаа одооноос тооцох биз ээ.

Сэтгүүлч П.Буян-Эрдэнэ

Холбоотой мэдээ