“Хөтөл цемент”, “Эрэл” компанийн чанаргүй зээлүүдийг барагдуулахаар ажиллаж байна

               
2022-10-05 0

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

“Хөгжлийн банкан дахь төрийн өмчийн үйлдвэрийн газруудтай холбоотой чанаргүй зээлийг төлж барагдуулах үүрэг даалгаврыг өгсөн. Үүний биелэлтийг өнөөдөр танилцууллаа. Өнгөрсөн нэг сарын хугацаанд 140 тэрбум төгрөгийн зээлийг төлсөн. Нэгдүгээр сараас хойш 800 тэрбум төгрөг төлөгдлөө. Хойтон төлөгдөх ёстой 2  бондын эрсдэл багасаж байна.

Эрдэнэс Тавантолгой 117 тэрбум төгрөгийг төлсөн. Тус компани нийт 160 гаруй тэрбум зээл төлөх ёстой. Үлдсэн 43 тэрбум төгрөгийг он гараад эхний улиралд төлнө.

МИАТ ТӨХК 10 тэрбум төгрөгөө бүрэн төлж барагдуулснаар Хөгжлийн банканд өргүй боллоо.
Мөн ТОСК, НОСК нэг тэрбум төгрөгийг төлсөн. Цаашдаа “Хөтөл цемент”, “Эрэл” компанийн чанаргүй зээлүүдийг барагдуулахаар ажиллаж байна. Мөн Шинэ Яармаг хорооллын зээлийг төлүүлэхээр ажиллаж байна.

Энэ ажилд хүчний байгууллагууд ялангуяа АТГ маш сайн хамтарч дэмжин ажиллаж байна. Ойрын хугацаанд үр дүн гаргана. Одоогоор 800 гаруй тэрбум төгрөг төлүүлсэн. Бид жилийн эцэс гэхэд 1 их наяд төгрөг төлүүлэхээр ажиллаж байна. “Эрэл”-ийн зээлэнд алдбадлагын арга хэмжээ авах, өмчийг хурааж авах, хууль хүчний байгууллагуудтай хамтарсан ажиллагаа хийнэ. 

“Хөтөл цемент” компани үйл ажиллагаа явуулж, зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тус компани өөрийн дотоод үйл ажиллагааг санхүүжүүлэх санхүүгийн өндөр ачаалалтай явж байна. Энэ дундуураа зээлээ төлөхөд үйл ажиллагаа нь доголдох, зогсох эрсдэлтэй байгаа учраас Төрийн өмчийн зохицуулалтын газартай хамтраад, Хөгжлийн банкнаас ажлын хэсэг гарч ойрын хугацаанд барагдуулахаар ажиллана” гэв. 

Холбоотой мэдээ