Хөнгөлөлттэй авах эмийн шинэчилсэн жагсаалт

               
2022-10-07 0

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд шаардлагатай эмийг хөнгөлөлттэй үнээр авдаг. Тухайлбал, эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд шаардлагатай тохиолдолд хөнгөлөлттэй эм авах боломжтой. Инфляци нэмэгдсэнтэй холбоотойгоор эмийн үнийн саналыг шинэчлэхээр ажиллаж байгаа талаар өнгөрсөн наймдугаар сард мэдээлсэн. Тэгвэл Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг шинэчилсэн тогтоолыг гаргажээ.

Тогтоолд зааснаар ижил төрлийн эмийн үнийг жишиг болгож, шинээр нэмэгдсэн эмийн үнийн дээд хязгаар болон хөнгөлөлт үзүүлэх хэмжээг тогтоож байх аж.

Мөн төрөөс зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад орсон тархины саажилт, уналт таталттай 0-19 насны хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгоно гэж тусгажээ. Шинэчилсэн жагсаалтын нэршилд нийт 590 төрлийн эм багтсан байна.

Өмнө нь иргэд 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар хөнгөлөлттэй олгох эмийн нэр төрөлд багтсан эмийг даатгалаар хөнгөлөлттэй авч байсан юм. Эмийн ерөнхий нэршлийг нэмэгдүүлэхгүйгээр 33 худалдааны нэршлийн эмийг нэмсэн. Түүнээс хойш жагсаалтад эм нэмээгүй байв.

Ингэснээр 574 худалдааны нэршлийн, 174 ерөнхий нэршлийн эмийг олгож байгаа. Өнгөрсөн жил хөнгөлттэй 370 мянга гаруй эм иргэд авсан байна.

Харин энэ сараас иргэд харьяа өрхийн эрүүл мэндийн төвөөсөө асууж, эмээ бичүүлэх боломжтой аж. Иргэдийн хэлж буйгаар зарим сард программ ажиллахгүй байгаагаас гадна бусад нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хассан гэв. Хөнгөлөлттэй эмийн тухайд тархины цусан хангамж, ходоод, элэг цөс, зүрх судас, дотоод шүүрлийн эмийг 60 хүртэлх хувь, харин бусад төрлийн эмийг 30 хүртэлх хувь хөнгөлдөг. Эдгээр эмүүдээс жагсаалтаас хассан зүйл байхгүй. Зөвхөн программын сүлжээ зарим үед унадаг болохыг албаны хүн онцлов. Эмийн жагсаалтыг Emd.gov.mn сайтаас бүрэн харах боломжтой.

Холбоотой мэдээ