Тавтай морил! АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган

               
2022-10-20 0

АНУ-ыг төлөөлөх Элчин сайд Ричард Буанган өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн иржээ.

Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудсаараа мэдэгдэж, “Та бүхэн сайн байцгаана уу. Би өнөөдөр өглөө Улаанбаатарт газардаж, миний шинэ гэр болж буй Монгол Улсад ирлээ. Та бүхэнтэй биечлэн уулзахыг сэтгэл догдлон хүлээж байна. Үзэсгэлэнтэй сайхан Монгол Улсад АНУ-ыг төлөөлөн суух болсон нь нэр төрийн хэрэг” хэмээн нийтэлсэн байна.

Элчин сайд Ричард Буанган нь 1999 оноос АНУ-ын Төрийн департаментад ажиллаж байгаа бөгөөд Гадаад харилцааны албаны ахлах албан тушаалтан буюу Элчин зөвлөхийн хэргэм зэрэгтэй. Тэрээр Монголд ирэхээсээ өмнө Төрийн департаментын Дэлхий дахины олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн товчоонд Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогчоор, түүнээс өмнө Зүүн Ази, Номхон далайн хэрэг эрхлэх товчоонд Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч, мөн Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн Гүйцэтгэх туслахаар ажиллаж байв. Элчин сайд Буанган өмнө нь Иерусалем, Бээжин, Парис, Абиджан зэрэг хотуудад томилогдон ажилласнаас гадна Вашингтон хотноо Төрийн департаментын Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн товчоонд Олон улсын хэвлэл мэдээллийн газрын захирал, Цахим харилцааны албаны захирал зэрэг албан тушаалууд хашиж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын ажлын албанд ажилласан туршлагатай дипломатч бөгөөд Төрийн департаментаас олон удаа шагнал, өргөмжлөл хүртсэн байна.

Ричард Калифорни мужийн Сан Диего хотод төрж өсөөд Техас мужийн Остин хотын Сэйнт Эдвардын их сургуулиас Улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн бакалаврын зэрэг хүртжээ. Тэрээр франц, испани, мандарин хятад хэлээр ярьдаг.

Холбоотой мэдээ