Увс аймаг: Хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллана

               
2022-11-08 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор 21 аймагт тус хөдөлгөөний нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 11 дүгээр сарын 5-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Э.Сугарбаяр, Зээлийн батлан даалтын сангийн газрын дарга Х.Заяажаргал, Төслийн захирал Ж.Түвшинсанаа, Төслийн дэд зохицуулагч С.Гүн-Уянга, Төслийн хуульч Г.Ариунбаяр нар Увс аймагт ажиллав. 

“Хүнсний хувьсгал” зөвлөгөөний нээлтийн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээ, илгээмжийг Увс аймгийн засаг дарга Ч.Чимэдэд гардууллаа. 

Тус арга хэмжээнд Засаг даргын Тамгын газар, сумдын Засаг дарга болон Увс аймгийн 19 сумын аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэдэд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, УИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолыг хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Жижиг, дунд бизнес эрхлэгчид импортлогч орны стандартад нийцэж байж  гадаад зах зээлд оролцох боломжтой

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн: “Жижиг, дунд бизнес эрхлэгчид агуулах, тээвэрлэлт, чанар, стандартыг цогцоор нь шийдвэрлэж, импортлогч орны стандартад нийцэж байж гадаад зах зээлд оролцох боломж бүрдэнэ. Тиймээс хүнс, хөдөө, аж ахуйн салбарыг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэхээр “Е Mongolia” хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө, аж ахуйн байгууллагатай  хамтран “Хөдөө аж ахуйн цахим стратеги” боловсруулсан. Мөн бүх урамшууллыг  цахимд үндэслэн олгож байна.” гэсэн юм. 

Увс аймагт үйлдвэрлэгдэж байсан бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд боловсруулж нэг кластерт нэгтгэжээ 

Увс аймагт үйл ажиллагаагаа явуулдаг чанар, стандартын шаардлага хангасан хувиараа бизнес эрхлэгч болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нэгтгэн “UBC брэнд”-ийг байгуулжээ. Увс аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газраас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ чанарын өндөр түвшинд бэлтгэж, экспортод гаргах зорилт тавин ажиллаж буйгаа илэрхийлж байсан юм.


Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүс холбогдох стандартыг нэвтрүүлж чаддаггүй. Мөн том сүлжээ дэлгүүрүүдтэй холбогдож чаддаггүй зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд Увс аймгийн брэндийн зөвлөлийг байгуулжээ. Ийнхүү “UBC” кластер брэндийг байгуулсан байна. 
Увс аймгаас нөөц ихтэй бүтээгдэхүүн буюу жамц давс, арвайн гурил, чацаргана гэсэн 3 төрлийн бүтээгдэхүүнийг сонгож, жижиг цех байгуулан, сав баглаа боодлыг нь шийдээд үндэсний том сүлжээ дэлгүүрүүдээр борлуулдаг болжээ. Улсын хэмжээнд 500 гаруй сүлжээ дэлгүүрүүдэд энэхүү бүтээгдэхүүнийг худалдаж байна. Увс аймгийн UBC брэнд энэ жилээс үрийн шинэчлэл хийж халтар арвайн бүтээгдэхүүнээр зах зээлд өрсөлдөхөө илэрхийллээ.


Эх сурвалж: ХХААХҮЯ

Холбоотой мэдээ