
Жил бүрийн 11 сарын 9-ыг дэлхийн оригамигийн өдөр болгон тэмдэглэдэг. Оригамигийн олон улсын хамтын нийгэмлэгээс санаачлан жил бүрийн 10 сарын 24-өөс эхлэн 11 сарын эхний өдрүүд хүртэлх хугацаанд олон улсад аль болох олон оригами хийж бусдад бэлэглэх, шинээр сэдэж хийсэн оригамиг танилцуулах, цаас нугалах, цаасан урлалын хичээл орох гээд оригамитай холбоотойгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. Яагаад заавал 10 сарын 24-өөс эхлэн тэмдэглэж байгаа вэ? гэхээр хамгийн анх оригамигийн бүлгэм байгуулан улмаар Их Британийн Оригами нийгэмлэг, мөн OrigamiUSA-г үүсгэн байгуулагчдын нэг болж цаас нугалах урлагийг дэлхийд түгээхэд чухал хувь нэмэр оруулсан Америкийн Лилиан Оппенхаймерын төрсөн өдөр бол Японд оригамигийн өдөр 11 сарын 11-нд тохиодог аж. Дэлхийн энх тайвны бэлгэдэл болсон оригамигийн тухай өгүүлье.
Оригами гэдэг үг Япон хэлний Ори – эвхэх, Ками – цаас гэсэн үгнээс үүдэлтэй, 6-р зуунд Японд үүсээд шашны зан үйлд ашиглагддаг байсан нь 17-р зууны эцэс гэхэд Япон даяар түгээмэл болж гоёл чимэглэлийн зориулалттай болсныг бид өмнө өгүүлсэн удаатай. Харин цаас нугалах урлагийн бусад түүхээс өгүүлбэл эхлээд Европ, Хятад, Япон зэрэг орнуудад оршуулга, төрсөн өдөр, хурим гэх мэт бүх төрлийн уламжлалт баяр ёслолоор дэлгэрсэн. Зөвхөн цаас нугалах ёс төдий зүйл ерөөс биш. Европоос олдсон хамгийн эртний оригамигийн олдвор 1440-оод оноос цаас нугалж, тайрч хийсэн хайрцаг олдсон гэдэг бол 1498 онд Францад хэвлэгдсэн Иоханнес де Сакробоскогийн “Дэлхийн бөмбөрцгийн тухай шастир”-ын завсараас цаас нугалж хийсэн усан онгоц олджээ. 17-18-р зууны үед Европчууд ширээн дээрх амны цаас, амны алчуураа эвхэн ширээгээ чимэглэх нь сайн эзэгтэйн шинж болдог байсан нь хэсэг хугацаанд бүдгэрч мартагдсан ч сүүлийн хэдэн арван жил дахин сэргэж байна. 1800-аад оны сүүлээр Япон улс дэлхийд хилээ нээх үеэс Германы цаас нугалах арга, техник харилцан нэвтэрч 2 өөр соёлтой 2 өөр ертөнц хоорондоо нэгдсэн юм. Германд 1840-өөд онд орчин цагийн сургуулийн өмнөх боловсролын суурийг тависан эцэг гэгдэх Фридрих Фрөбел өөрийн нээсэн цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт цаас нугалан эвхэж сонирхолтой дүрс бүтээх хэд хэдэн хичээл ордог байсан нь ирээдүйд Герман болон Европт нийтийн дунд цаасан урлал хөгжих эхлэл болсон ч гэж үздэг. Хирошимагийн бөмбөгдөлтөөс 10 жилийн дараа хорт хавдраар шаналсан Япон охин Садако Сасакигийн түүх цаасан урлал оригамиг дэлхийд алдаршуулж, энх тайвны бэлгэдэл болгосон. 1000 цаасан шувуу нугалахаар төлөвлөсөн ч 644 хүргээд өвчнөө дийлээгүй 12 настай охины түүхийг дэлхий даяар харамсан сонсож, түүний хүслийг гүйцээн үлдсэн 356 ширхэг цаасан шувууг нэмэн хийж түүнтэй хамт хөдөөлүүлж, Хирошимо хотод байдаг Энх Тайваны паркыг охины дурсгалд зориулан түүний нэрээр нэрлэж, Садоко Сасакигийн гартаа цаасан шувуу барьсан хөшөөг, энх тайван, итгэл найдварын гэрэл гэгээ болгон сүндэрлүүлсэн билээ.
Оригами хүүхдийг бүтээлч сэтгэлгээтэй болгож, математик сэтгэлгээг хөгжүүлж, тэвчээрт сургах, юмны нарийн ширийн зүйлийг анхаардаг ажигч, гярхай болгодог гээд маш олон сайн талтайг бид өдгөө мэддэг болсон.
Киригамигаас ялгаатай нь оригами цаас нугалах аргыг ашигладаг бол киригами цаасан хайлчилбарыг хэлдэг билээ. Өдгөө оригамигийн тусгай зориулалтын нимгэн мөртлөө төрөл бүрийн өнгө, хээтэй нэг тал нь цул, нөгөө тал нь өнгөтөй гээд олон төрлийн зориулалтын цаас хүртэл гарсан билээ. Өдгөө оригами бие даасан урлаг болон хөгжиж байгаагаас гадна Гонзало Гарсиа Калво, Мадемазуэл Морис, Кристиан Марианчук зэрэг алдартнууд өөрсдийн хийсэн бүтээлээр дэлхийд гайхагдсаар байна.
Өдрийг оригамигаар “амьсгалан” өнгөрүүлэхээс гадна 1000 цаасан шувуу хийж Хирошима руу илгээж болно. /Хаяг: Office of the Mayor, City of Hiroshima, 6-34 Kokutaiji-Machi, 1 Chome Naka-ku, Hiroshima 730 Japan/

Эх сурвалж: Хашир Анжигай

0 cэтгэгдэлтэй