Өнөөдөр Берлиний ханыг нураасан өдөр

               
2022-11-10 0

1989 оны 11-р сарын 09-ний өдөр Берлиний ханыг нураасан нь дэлхийн түүхэн дэх чухал үйл явдлуудын нэг байсан бөгөөд зүүн ба төв Европд коммунизм нуран унаж, төмөр хөшиг нээгдсэн. Тус үйл явдлаас гурван 7 хоногийн дараа Малтийн дээд хэмжээний уулзалтаар хүйтэн дайны төгсгөл ирснийг зарлаж, ирэх жил нь хоёр Герман албан ёсоор нэгдсэн билээ.

1989 оны 08-р сард Унгар улс Австритай залгаа хилээ нээж анх төмөр хөшгийг ярсан. Энэхүү сувгийг ашиглан Зүүн Германы иргэд баруунруу дүрвэх болсон бөгөөд энэ нь 1961 онд Берлиний ханыг босгосноос хойших хамгийн том улс орноо орхих хөдөлгөөн байсан юм.

Энэ үед зүүн Германаас бусад улсаар дамжин баруунд ирэхийг ятгасан олон сурталчилгааны самбар ухуулах хуудсууд тараагдаж байсан бөгөөд хил давж ирсэн жуулчдыг дайлж, дойч марк өгч, бэлэг түгээж байснаас гадна нэг мөр баруунд ирэхийг урьж байв. Германы удирдлага хилээ хааж төвдөөгүй бөгөөд ЗСБНХОУ-ын зүгээс ч ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй нь зүүний зүгээс нэгэнт хаалтгүй болсныг гэрчилнэ.

Дүрвэгсэд Чехсловак дахь баруун Германы элчингээр дамжин Унгарын хилээр гарах нь хэт ихэссэн тул хоёр улсын хувьд ч дарамт болов. Мөн Зүүн Германы ЗГ гадаад зээлийн хүүндээ дарагдаж байлаа.

1989 оны 10-р сарын 18-нд Зүүн Германыг маш олон жил удирдсан Эрик Хонникер /Erich Honecker/ шинэ удирдагч Кренцийн /Egon Krenz/ талд бууж өгөв. Ард түмэн Кренцийг өмнөх удирдлагын үргэлжлэл олигтой шинэчлэл хийж чадахгүй гэж үзсэн тул мөн л огцрохыг шаардаж байлаа. Чехсловак, Зүүн Германы хилийг хаах тухай асуудал яригдан Праг дахь Баруун Германы элчин сайдын яамны шатан дээр маш олон зүүнийхэн хонож өнжин зогсдог болов. Ингээд эцэст нь 11-р сарын 07-нд Кренц ерөнхий сайд Вилли Стоф /Willi Stoph/ болон улс төрийн товчооны гуравны хоёрыг огцруулахыг зөвшөөрөв. Гэвч Кренц өөрөө бол төв хорооноос санал нэгтэйгээр Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсон юм.

Кренцийн зүгээс хоёр Германы хооронд аялах, түр хугацаагаар зорчих шинэ дүрмийг батлахыг эрмэлзэж байсан боловч энэ нь хүнд суртлын машины өмнө тийм ч хурдтай шийдэгдэхгүй байсан бөгөөд Schirnding-ийн орчимд шинэ түр нэвтрэх боомт байгуулая гэсэн санаа нь ч дэмжигдсэнгүй. Тиймээс иргэдийн шахалт, дарамтыг намдаахын тулд Кренц тэргүүтэй улс төрийн товчоо 11-р сарын 09-ний өдөр дүрвэгсдийг зүүн болон баруун Берлиний хооронд бүх цэгүүдээр шууд нэвтрэхийг зөвшөөрчээ.

Ханыг нураах журмуудын талаархи мэдэгдлийг Зүүн Берлин дэх намын дарга, засгийн газрын дээд төлөөлөгч Гюнтер Шабовскийн /Günter Schabowski/ удирдсан нэг цагийн хэвлэлийн бага хурал 11-р сарын 9-ний 18:00 цагт эхэлж хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулжээ. Шабовскийн хамт Гадаад худалдааны сайд Герхард Бэйл /Gerhard Beil/ болон Төв хорооны гишүүд байлцав.

Шабовски шинэ журмын талаархи хэлэлцүүлэгт оролцоогүй бөгөөд бүрэн ойлгоогүй байж. Хэвлэлийн бага хурлын өмнөхөн Кренц түүнд өөрчлөлтийн талаар тэмдэглэл өгсөн боловч мэдээллийг хэрхэн тайлбарлах талаар нэмэлт заавар өгөөгүй байна. Кренцийн өгсөн тэмдэглэлд “Зүүн Германы иргэд хилийн чанадад зорчих зөвшөөрөл хүсч, мөн хилийн боомтууд, түүний дотор Зүүн ба Баруун Берлиний хооронд байнгын цагаачлал хийхийг зөвшөөрч болно” гэж заасан байв.

Шабовский сайн ойлгоогүй байсан тул сэтгүүлчдийн тавьсан асуултуудад хэт бөөрөнхий, мэдэн будилсан хариу өгч танхимд багагүй шуугиан үүсгээд авсан боловч эцэст нь энэхүү ханыг нураах ажлыг цаг алдалгүй хийх ёстой гэж хэлэн 19.00 цаг гэхэд хэвлэлийн хурлыг дуусгасан юм.

Мэдээллийг Баруун Германы хэвлэлийнхэн шуурхай шүүрэн авч хоёр Берлиний хооронд иргэд шууд зорчих боломжтой болсон талаар зарлаж эхэлсэн ба ARD-ийн Хэннс Иоахим Фридрикс /Hanns Joachim Friedrichs/ “Энэ 11-р сарын 9-н бол түүхэн өдөр. БНАГУ-ын хил хүн бүрт нээлттэй байгааг мэдэгдэв. Хананы хаалганууд нээлттэй байна” хэмээн сурталчилснаар барууны бүх хүмүүс мэдэж авсан.

Эцэст нь 11-р сарын 9-ний 22:45 цагт Борнхолмерын Straße хилийн боомтын командлагч Харалд Яагер /Harald Jäger/ нэвтрэх цэгүүдийг онгойлгож, хүмүүсийг багахан хувийн байцаалттай эсвэл огт байцаалтгүй нэвтрүүлж эхэлжээ. Зүүн Берлинийхэн цувран өнгөрөхөд тэднийг баруун Берлинийхэн баяр хөөртэйгээр цэцэг, оргилуун дарс барин хүлээж байв. Тун удалгүй Баруун Берлин талаас цугласан олон хананы орой дээр үсрэн гарч, удалгүй Зүүн Германы залуучууд ч нэмэгджээ. Иймээс 1989 оны 11-р сарын 9-ний оройг “Хана нурсан шөнө” /the night the Wall came down/ гэж нэрлэдэг.

Ханыг буулгах ажил 1989 оны 11-р сарын 9-ний оройноо шууд эхэлсэн бөгөөд дараагийн долоо хоногт үргэлжилсэн. Хүмүүс янз бүрийн багаж хэрэгслээр зэвсэглэн ханыг нураахад оролцож байсан бол зарим хэсгүүдийг бульдозроор дайран буулгаж, хүмүүс баяр хүргэн алга ташицгааж байжээ.

Ингэж хүйтэн дайн дуусч, хүн төрлөхтний өөрсдийгөө тусгаарласан хана нурж хоёр германы иргэд нэгдэх, хоорондын ялгааг арилгах ажилдаа шамдан орсон бөгөөд одоо ч хоёр дэглэмийн ялгаа арилаагүй гэх хүмүүс байсаар байна. Гэвч тэд яг энэ өдөр эхлэж чадсан юм.

Уг үйл явдлын 30 жилийн ойг 2019 онд долоо хоногийн хугацаатай тэмдэглэж, томоохон хэмжээний хөгжмийн наадам зохион байгуулсан бөгөөд тоглолтын тайзнаа хиймэл ханыг нураажээ.

Зүүн Германаас зугтан Баруун Германд очих гэсэн 140 хүн 1961-1989 онуудад Берлиний хананы орчимд амиа алдсан. Тэдний хамгийн бага нь 1 ой гарантай байсан бол хамгийн өндөр настай нь 80 настай хөгшин байжээ. Берлиний хананы орчимд энэ бүх хүмүүст зориулсан дурсгалын загалмай босгосон.

Одоо ч Берлиний төв хэсэгт уг хананы багахан хэсэг хоёр системийн хуваагдлыг сануулан оршсоор байна.

Эх сурвалж: Хашир Анжигай

Холбоотой мэдээ