Return to Seoul (2022) киноны тухай

               
2022-11-11 0

14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Ulaanbaatar International Film Festival-UBIFF-ын нээлтийн кино ямар байх бол гэсэн бодол кино сонирхогч, уран бүтээлч бүрт төрдөг байх. Энэ удаад Камбож гаралтай Францын кино найруулагч Davy Chou-ын бүтээл наадмыг нээлээ. Энэ оны 5-р сард Каннын кино наадмаар дэлгэцэнд толилуулсан бөгөөд мэдээж UBIFF-ээр магтаал хүртсэн киног гаргаж таарна шүү дээ.

Багадаа Франц гэр бүлд үрчлэгдэн өссөн бүсгүй төрсөн эх орондоо ирээд өөрийн биологийн эцэг эх, хамаатнуудтайгаа уулзах болно. Цус нь Солонгос болохоос франц соёлыг угжиж өссөн бүсгүй нэг л дасаж өгөхгүй байлаа. Гэхдээ энэ нь үзэгдэх байдлаасаа л тэр юм.

Хоёр талаас нь харсан, төрсөн сэтгэгдлээ хуваалцмаар байна. Гаднаас нь харахад, танилцаад хамт багагүй цагийг өнгөрүүлж таньж мэдэхэд угаас өөрийн гэсэн үзэл бодолтой, дуртай зүйлээ мэддэг, өөртөө итгэлтэй хүчирхэг гэж хэлж болохуйц хүмүүс байдаг. Гэхдээ дотроо хадгалж байгаа мэдрэмжээ гаргаж чадахгүй шаналж, тэр зүйлээ шоу цэнгээн, худал cool төрхөөрөө нуун дарж аргалдаг хүмүүс байдаг даа. За энэ бол нэг тал нь…

Өөр нэг талаас юу бодогдов гэхээр…өнгөцхөн бодохоор тэнэг эсвэл шал утгагүй санагдаад байгаа ч яагаад ч юм салж чадахгүй, эсвэл эргэлзээд тархиараа бодоод хариу гаргалаа ч тэр нь зөв санагдахгүй өөр тийшээ тэмүүлээд байх хачирхалтай мэдрэмж та нарт төрж байсан уу? Энэ бүхэн киноны төгсгөл рүү ойртох тусам өөрийн эрхгүй ийм л мэдрэмж төрөөд байсан.

Гол дүрийн бодож шаналж байгаа зүйлсийг нүүрнээс нь олж харахад хэцүү. Гэхдээ л өөрийгөө бүтэн киноны турш танд бүрэн нээн харуулна. Яг юу хүсээд байгаагаа үгээр хэлэхгүй ч зохиол, найруулга, жүжиглэлтийн цогц гүйцэтгэлээр өөр рүүгээ өнгийж бодолд автахад хүргэх болно.

Эх сурвалж: Жинхэнэ кино сонирхогчид

Холбоотой мэдээ