Боловсрол мэдлэг дэлхийг өөрчилдөг

               
2022-11-14 0

Жил бүрийн 11 сарын 11-ыг Бүгд Найрамдах Энэтхэг Улс үндэсний боловсролын өдөр болгон тэмдэглэдэг. 2008 оноос эхлэн Энэтхэгийн хүнийн нөөцийн хөгжлийн яамны санаачлагаар тэмдэглэдэг болсон өдрийг 11 сарын 11-нд тэмдэглэдэг учир нь 1947-1958 онуудад Энэтхэгийн боловсролын сайд байсан Маулана Абул Калам Азадын төрсөн өдрийг сонгож түүнд хүндэтгэл үзүүлж байгаа учиртай аж. Саудын Арабын Маккад мэндэлсэн, хамгийн залуудаа конгрессын гишүүнээр сонгогдсон Маулана Абул Калам Азад анхны боловсролын сайд болмогцоо тусгаар тогтносон Энэтхэг улсад хамгийн шаардлагатай зүйл бол нэгдмэл Энэтхэг улс хэмээн тодорхойлж, оюун ухаан, сэтгэлгээнээс гадна Хинду болон Исламын шашинтнуудын эв нэгдэл, боловсрол энэ бүхэнд туслана гэдэгт итгэжээ. Энэтхэгийн боловсролын тогтолцоог бүрдүүлж, их сургуулийн тэтгэлэг олгох комисс байгуулж, их сургуулиудын кампусыг Шинэ Дэли рүү шилжүүлж, Энэтхэгийн технологийн хүрээлэн, Архитектур төлөвлөлтийн сургууль, 3-с дээш академи үүсгэн байгуулж, боловсрол, соёлыг хөгжүүлэхэд ихэд хичээн ажилласан гэнэ. Маулана Абул Калам Азад улсынхаа эрх чөлөөний төлөөх тэмцэлд гүйцэтгэсэн үүрэг, урам зориг болон боловсролын салбарт чин сэтгэлээсээ хандаж хийсэн ажил, ард иргэд нь өөр өөр шашинтай ч ах дүүгийн харилцаа тогтоохын төлөөх тэмцлийг өнөөг хүртэл хүндтгэн дурсдаг.

Тэгвэл боловсролын ач тус гэж юу болох, яагаад заавал боловсрол эзэмших хэрэгтэй тухай дараах мэдээллийг хүргэе.

Боловсролтой хүмүүс өндөр орлоготой, амьдралдаа илүү их боломж гаргаж, эрүүл амьдардаг аж. Боловсрол өндөр ард иргэдтэй нийгэмд гэмт хэрэг бага, нийтийн эрүүл мэнд сайн, иргэдийн оролцоо сайн бас үр дүнтэй байдаг бол боловсролын хомсдол ядуурлын үндэс болдог гэж үздэг.

1. Эрүүл амьдралын хэв маяг – өндөр боловсролтой хүмүүс эрүүл амьдралын хэв маяг баримталдаг учраас илүү урт насалдаг аж. Судалгаанаас харахад дээд боловсролтой хүмүүс ялангуяа зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл 1/3 бага байдаг.

2. Туршилт болон олон талт байдал байдал – Боловсрол эзэшихийн давуу тал нь хувь хүн болж төлөвших, дуртай зүйлсээ туршиж үзээд өөрийгөө олох, ухаан тэлэхэд нэмэр болох олон төрлийн хүмүүстэй танилцаж, олон шинэ санааг сэдэж, цаашлаад дэлхийн өнцөг булан бүрт байгаа өөр соёл иргэншил, өөр соёл, ухамсар, ертөнцийг үзэх үзэл эерэгээр өөрчлөгддөг.

3. Нийгэмшил, харилцаа холбоотой байх – Сурч боловсорч буй хүн үе тэнгийнхэн болоод бусад салбартаа тэргүүлэгчид, шилдэг мэргэжилтнүүдтэй уулзаж, холбоо тогтоох нь харилцаа холбоо, нийгэмшил үүсгэж байгаа хэрэг.

4. Хүсэл зорилго, мөрөөдлөө гүйцээх – Хүн бүрт хүсэл тэмүүлэл, мөрөөдөл бий. Үүнийг бүтээх боломж, орон зайг боловсрол гаргаж, шинэ чиглэлийг зааж өгнө.

5. Асуудлыг шийдвэрлэх чадвар хөгжих – Боловсрол хүнд асуудлыг олж харах, логик сэтгэлгээг хөгжүүлэх, бие даан шийдвэр гаргах арга замыг заах бөгөөд хүн өөрийн бодлоо зөв илэрхийлэх чадвар сууж, шийдвэрээ батлах баттай баримт олж харахад тусалж, хувь хүний чадварыг хөгжүүлнэ.

6. Ажил эрхлэлт, ажлын олдоц нэмэгдэх – Эрдмийн зэрэгтэй хүмүүст орох ажлын байр хамаагүй олдоц сайтай байдаг. Баклавр болон түүнээс дээш зэрэгтэй төгсөгчдийн хувьд ажилгүйдлийн түвшин 2 дахин бага байдаг.

7. Карьерын өсөлт, дэвшил – Нэгэнт боловсролтой нэгэн ажлын талбарт гарсан бол салбартаа ахиж дэвших зам тодорхой, амжилтанд хүрэх, цаашид өөрийгөө хөгжүүлэн суралцах чадвартай болдог. Үүнд боловсролын гэрчилгээ багагүй үүрэг гүйцэтгэнэ.

8. Эдийн засгийн өсөлт – Нийгэм бүхэлдээ боловсролтой иргэдтэй бол хөдөлмөрийн бүтээмж сайн, дундаж орлого нэмэгдэж, ажилгүйдэл буурсанаар улсын эдийн засгийн өсөлт тогтвортойгоор нэмэгддэг. Дэлхий даяар төлбөргүй, онлайн сургалт явуулдаг Америкт төвтөй “University of the People”-ийн судалгаагаар дунд боловсролтой хүмүүс долоо хоногт дунджаар 515 доллар, бүрэн дунд боловсролтой хүмүүс 717 доллар, баклаврууд 1189 долларын цалинтай ажиллаж байгааг гаргасан нь үүнийг батална.

9. Байгальд тустай – Уур амьсгалын өөрчлөлтийг чухалчилж байгаа өнөө цагт хүмүүс уур амьсгалын талаарх мэдлэгээ компани, үйлдвэрлэлд нэвтрүүлж асуудлыг тогтвортой шийдэх гарц гаргаж байна.

10. Нийгэмд нөлөөлөх – Сайн боловсрол эзэмшсэнээр нийгэмд эв нэгдэл, итгэлцэл нэмж, сул дорой нэгнээ татаж, сурч мэдсэнээ бусадтай хуваалцаж, нийгмийн бүх давхрагад эерэг нөлөө үзүүлдэг. Тэгш эрх, иргэний оролцоо, хандив тусламж үзүүлж, жендерт суурилсан хүчирхийлэл буурч, хүүхдийн гэрлэлт багасч, эхийн эндэгдэл буурна. Хоёр хүйсийн боловсролыг тэнцүү дэмжиж, зөв бурууг ялгана.

Аливаа улсын боловсролтой иргэд улсын хэмжээнд гэмт хэргийг хамгийн багадаа 11 хувиар бууруулдаг гэсэн тооцоо гарчээ. Боловсрол мэдлэг дэлхийг өөрчилдөг.

Эх сурвалж: Хашир Анжигай

Холбоотой мэдээ