Шоо бар буюу ягуарын тухай

               
2022-11-29 0

Жил бүрийн 11 сарын 29-ыг олон улсын шоо барын өдөр болгон тэмдэглэдэг. 2018 оны 3 сард Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон “Ягуар 2030” форумаас олон улсын ягуарын өдрийг бий болгохоор санаачлан жил бүрийн 11 сарын 29-нд олон улсын ягуарын өдрийг тэмдэглэх шийдвэр гаргаж тус арга хэмжээнд оролцсон 14 улс нэгджээ. Америк тивийн хамгийн том зэрлэг муур болох шоо барыг хамгаалан авч үлдэх, тэдэнд тулгарч буй аюул заналыг багасгах, шоо барын тухай мэдлэгээ дээшлүүлэхийг уг амьтан тархсан улс орнууд хамтран уриалдаг өдөр юм. Ингээд шоо бар эсвэл шар бар хэмээн Монголоор нэрлэдэг ягуарын тухай мэдээлэлээс хүргэе.

Африкаас гаралтай Берингийн хоолойгоор дамжин Төв болон Өмнөд Америкт тархсан мий овгийн пантера төрлийг бүрдүүлдэг 4 том муурын нэг шоо бар нь бар, арслангийн дараа ордог дэлхийн 3 дахь том муур боловч пантера төрөл дотроо богино, булчинлаг хөлөөрөө ялгардаг. Гаднах байдлаараа цоохор ирвэстэй төстэй боловч сайтар анзаарвал илүү том биетэй. Шоо барын нуруу энгийн үедээ бөгтөр, толгой доор харагдах бөгөөд биеийн урт нь хамрын үзүүрээс сүүлний үзүүр хүртэл дунджаар 1,25-1,85 метр /зөвхөн сүүлний урт нь 45-75 см/, жин нь 56-96 килограмм, мөрний өндөр нь 68-75 сантиметр, эмэгчин нь эрэгчнээсээ арай жижиг биетэй. Зэрлэг байгальд 12-15 жил амьдардаг бол амьтны хүрээлэнд 22 жил амьдарсан нь бий. Чийта, леопардтай харьцуулбал толгойн хэсэг нь илүү өргөн, дугуйрсан хэлбэртэй, толбоны хувьд сарнай мэт том хүрээн дотор жижиг цайвар шараас улбар шаргал өнгөтэй толботой. Төв болон Өмнөд Америкт хар шоо бар бий. Эмэгчин нь 2 жилд нэг удаа 93-105 өдөр тээсний дараа 2-4 зулзага гаргана. Зулзага 2 долоо орчмын дараа нүдээ нээж, 2 нас хүртэл ээжтэйгээ хамт байж, анд суралцаж, 2,5-3 насандаа нас бие гүйцнэ. Шоо бар усанд маш сайн сэлдэг загас, яст мэлхий бүр матрын төрлийн каймануудыг ангуучилдаг бол хуурай газар тааралдсанаа иддэг шөнийн идэвхтэй боловч өдөр ангуучилж чаддаг махчин амьтан. Шоо барын хазалт бусад том мууртай харьцуулахад маш хүчтэй, хуягт мөлхөгч амьтдын хуягийг нэвт хазахаас гадна амьтны хоёр чихний хоорондуур шууд гавлыг нь цөм хазаж, тархинд нь үхлийн гэмтэл учруулдаг. Тийм ч учраас Өмнөд Америкийн уугуул иргэдийн Тупи, Гуарани хэлээр “нэг үсрэлтээр үгүй хийнэ” гэсэн утгатай ягуар гэдэг нэртэй, Америкийн уугуул ард түмэн, тэр дундаа Маяа, Ацтекийн домог ярианд маш их гардаг, шүтэж, эмээдэг амьтан. Үржилд орохоос бусад үед ганцаар амьдардаг шоо барын 34 дэд популяци байгаагаас 25 нь ховордож, 8 нь устах аюулд өртсөн дэлхий дээр бүгд нийлээд 173,000 орчим тоо толгой Мексик, Төв Америкийн ихэнх хэсэг, Парагвайн өмнөд хэсэг, Аргентины хойд хэсгээр тархан амьдарч байна. Хамгийн дээд хурд нь 80 км/цаг бөгөөд ихэвчлэн өтгөн ойд амьдрахыг илүүд үздэг ч хуурай, задгай тал, намгархаг газраар ч нутаглаж, модны мөчир дээр дунджаар 10 орчим цаг унтана. Шоо бар идэш тэжээлийн гинжин хэлхээний хамгийн дээд хэсэгт байх бөгөөд идэш болох зүйлийн тоо толгойг зохицуулах, ойн системийн бүтцийг эрүүл, хэвийн хэмжээнд барих, эрүүл эко системийг тэнцвэржүүлэхэд маш чухал үүрэгтэй. 2020 онд Коста Рикагийн ойд амьдардаг шоо барын 25% нь меланист /меланин пигмент ихтэй/ буюу хар өнгөтэй байгааг тогтоож, бүтэн сартай шөнө илүү идэвхтэй байдгийг нь илрүүлж, 100 шоо барын 6 нь хар өнгөтэй төрдөг гэж таамаглаж байна. Шоо барыг 1990-ээд оноос эхлэн ихээр устгасан бөгөөд 2002 онд олон улсын байгаль хамгаалах холбоо ховордсон амьтдын улаан жагсаалтанд оруулжээ.

Эх сурвалж: Хашир Анжигай

Холбоотой мэдээ