Монгол Улсын Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ

               
2022-11-30 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар мягмар гарагт Токио хотноо уулзлаа.

БНАСАУ-ыг цөмийн туршилт явуулж болзошгүй гэж болгоомжилж байгаа энэ үед тус улс баллистик пуужинг удаа дараалан харваж байгаатай холбогдуулан талууд пуужин, цөмийн үйл ажиллагаагаа зогсоохыг Пёньянд уриалжээ.

Уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд тэмдэглэснээр, К.Фүмио, У.Хүрэлсүх нар Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг хангах хүрээнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг “дагаж мөрдөхийг” Пёньянд уриалсан байна.

Монгол Улсын төрийн тэргүүн болон Японы Засгийн газрын тэргүүн нар мөн 1970-1980-аад оны үед хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг “нэн даруй зохицуулахыг” Пёньянд уриалжээ. Монгол, БНАСАУ нь дипломат харилцаатай орнууд юм.

Харин цөмийн зэвсэгтэй тус оронтой дипломат харилцаа тогтоогоогүй Токиогийн засаг захиргаа Пёньянтай хулгайлагдсан иргэдийн асуудлыг зохицуулахад зуучлахыг хүсэн Улаанбаатарт үе үе ханддаг.

БНАСАУ энэ он гарсаар 30 гаруй удаагийн пуужингийн туршилт явуулахдаа далавчит байж болзошгүй пуужин болон баллистик пуужингуудыг харважээ. Мөн Пёньяныг цөмийн долоо дахь буюу 2017 оны есдүгээр сараас хойших анхны цөмийн туршилтаа явуулж магадгүй гэх таамаглал сүүлийн үед гарах болоод байгаа юм.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 2006 оноос хойш БНАСАУ-аас үй олноор хөнөөх зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрүүдээсээ бүрмөсөн, баталгаатай, эргэлт буцалтгүйгээр ангижрахыг шаардан, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан тогтоолуудыг баталсан юм.

Мягмар гарагт К.Фүмио, У.Хүрэлсүх нар мөн “чөлөөтэй, нээлттэй” олон улсын дэг журмыг хөхиүлэн дэмжих нь урьд өмнөхөөс илүү чухал болсон бөгөөд статус квог дангаараа хүчээр өөрчлөх гэсэн аливаа оролдлогыг аль ч бүс нутагт хүлээн зөвшөөрөх ёсгүй гэдэгтэй санал нэгджээ.

Ши Жиньпин тэргүүтэй Хятадын коммунист Засгийн газар шаардлагатай бол цэргийн хүчээр эх газартай нэгтгэх муж гэж үздэг, өөрийгөө удирддаг ардчилсан Тайванийн асуудлаар Хятад, АНУ-ын хоорондын хурцадмал байдал өсөн нэмэгдэж байгаа үед хоёр орны удирдагчид уулзсан юм.

Орос Украин руу халдан довтолсон тухайд, К.Фүмио, У.Хүрэлсүх нар Украины “нөхцөл байдал хүнд байгаад санаа зовниж” буйгаа илэрхийлсэн ч хамтарсан мэдэгдэлдээ Москваг шүүмжлэхээс зайлсхийсэн байна.

БНХАУ, ОХУ-ын дунд оршдог, далайд гарцгүй орон болох Монгол Улс нь тус хоёр том гүрнээс эрчим хүч, худалдааны хувьд ихээхэн хамааралтай байсаар ирсэн гэж Японы Гадаад хэргийн яам мэдээлжээ.

Мягмар гаргийн өглөө Токиод хүрэлцэн ирсэн У.Хүрэлсүх Японы эзэн хаан Нарүхитод лхагва гарагт бараалхаж, баасан гарагт нутаг буцахынхаа өмнө Киото хотод зочлох ажээ. 

Холбоотой мэдээ