Тэрбумтны дампуурал

               
2022-12-01 0

Энэ хүний нийт хөрөнгө оргил үедээ 24 тэрбум байсан бөгөөд одоогоос 3-хан сарын өмнө “Дараагийн Warren Buffett мөн үү?” хэмээгдэн “Fortune” сэтгүүлийн нүүрэнд бичигдэж байсныг та доорх зурагнаас харж байна. Одоо бол түүнд бодит хөрөнгө гэх юу ч байхгүй дампуурсан , харин санхүүгийн хориотой гүйлгээ хийсэн байж магадгүй хэмээн шалгагдаж байгаа.

Түүнийг Sam Bankman-Fried гэдэг бөгөөд аав ээж нь еврей гаралтай, хуульч мэргэжилтэй профессорууд, өөрөө MIT төгссөн хүн. Сургуулиа төгсөх үеэсээ л шинээр үүсэн хөгжиж байсан крипто валютын зах зээлд амжилттай арилжаа хийсээр Alameda Research компаниа байгуулсан ба хожим FTX хэмээх крипто арилжааны бирж байгуулжээ. Ардчилсан намын дэмжигч тэрээр Joe Biden Ерөнхийлөгчийн сонгуулийн кампаанит ажилд хувиасаа 5 сая $ хандивлаж байсан нь хоёр дахь том хандивлагч болгосон байдаг. Энэ хавар Elon Musk хэмээх дэлхийн хамгийн баян эрхэм Twitter-ийг худалдаж авах зарга хийж байхад түүнд 5 тэрбум $ өгч хамтрах амлалт өгч байсан яриа бий.

Юу болоод өнгөрөв өө? Яагаад дэлхийн тэрбумтны жагсаалтанд дээгүүрт жагсаж байсан хүн гэнэт ингэж дампуурав? Тэрээр крипто валютын вант улсаа яаж сүйрүүлсэн бэ?

1. Юун түрүүнд тэр бол компанийн засаглалын талаар ойлголт муутай инженер хүн. Нэгэн удаа том ХО-ч түүнийг “Захирлуудын зөвлөлтэй болооч” хэмээн зөвлөхөд тэрбээр “Чөтгөр лүүгээ тонил” хэмээн хариулсан байдаг.

2. Крипто ертөнц 2022 он гараад огцом уналттай байсаар байтал тэд зөвхөн “long” арилжаа буюу худалдан авалтыг өндөр “хөшүүрэг” ашиглан эрсдэл үүрэн үргэлжлүүлж хийсээр байсан. Шинээр өөрийн койн хүртэл гаргав. Өөрөөр хэлбэл “trend is your friend” хэмээх арилжааны алтан дүрмийг сөржээ. Ингээд арилжааны компани нь олон тэрбумын алдагдал хүлээж, улмаар нэг удирдлага бүхий бирж дээр нь бужигнаан үүсгэж хэрэглэгчид мөнгөө их хэмжээгээр татан авалт хийснээр дампууралтай нүүр тулжээ.

3. Дампуурлаас зайлсхийх сүүлийн найдвар нь крипто валютын хамгийн том бирж Binance бирж тэднийг өөртөө нэгтгэн авах явдал байсан. Гэтэл мань эр өөрийн эго-гоо дарж чадалгүй тэр хэлэлцээрийг бүтэлгүй болгосноор шулуухан шуударсан гэж болно.

Ийм энтрепренер төрлийн хүмүүсийн төсөөлөл нь “трендийг мордож” байж л гайхалтай амжилтанд хүрдэг онцлогтой байдаг. Эсвэл доороо мэргэжлийн стратегич, CEO авбал зүгээр. Гэтэл мань эр зөрүүдлэн урсгал сөрж байж 24 тэрбум хөрөнгөө ганцхан жилийн дотор үрэн таран хийсэн түүх энэ болой.

Стратеги судлаач

Б.Анхбаяр

2022-11-30

Холбоотой мэдээ