Лондонгийн “Их утаа” /Great Smog/

               
2022-12-09 0

1952 оны 12-р сарын 05-09-ний өдрүүдэд түүхэнд “Лондонгийн Их Утаа” /Great Smog of London/ хэмээн тэмдэглэгдсэн аймшигт үйл явдал болсон нь Их Британы төдийгүй, дэлхий нийтийг агаарын бохирдолд илүү анхаарлаа хандуулахад хүргэсэн юм. Энэхүү их утааны улмаас тавхан өдрийн дотор 4,000 гаруй хүн нас барсан бол дараагийн хоёр сарын хугацаанд 8,000 орчим хүн уг утаанаас хамааралтайгаар хорвоог орхисноор 12,000 хүн энэхүү гамшигийн шууд нөлөөгөөр нас барсанд тооцогддог. Тухайн үед бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд болон өмьсгалын замын архаг, суурь өвчтэй хүмүүс ихэвчлэн хохирогч болсон. Сүүлийн үеийн судалгаагаар хохирогчдын тоо дээр дурдсанаас ч их байсан гэж үздэг.

1952 оны 12-р сарын 04-нд өмнөхөөс хүйтэрч, салхигүй байснаас болж Лондон орчимд эргэх циклон үүссэн тул агаарын бохир хэсэг нь дулаан агаар дороо бөөгнөрөн, яг хотын орчимд төвлөрсөн.

Энэхүү агаарын бохирдолд нөлөөлөгч нь иргэд харьцангуй муу, хүхрийн агууламж ихтэй нүүрс түлдэг байсан нь, Лондонгийн бүсд Фулхэм, Баттерси, Банксайд, Гринвич, Кингстон-апон Темза зэрэг олон тооны нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд байсан нь, мөн цахилгаан эх үүсвэртэй тарамвайг дизель түлшээр ажилладаг автобуснуудаар сольсон нь ч нөлөөлсөн. Түүнээс гадна агаарын бохирдол дээр нэмэгдсэн байгалийн манан нь үзэгдэх орчныг хязгаарлагдмал болгосноор авто машинуудын хөдөлгөөн удааширч, осол аваар, түгжрэл үүссэнээс машинуудын яндангаас гарч байгаа утаа ч их нөлөөлжээ.

Дээр дурдсанчлан байгалийн манан их байсан нь агаар дахь хорт нэгдлүүдтэй холилдон мананг бараан шаргал өнгөтэй болгож байсан нь энэ утааг “вандуйн зутан” /pea-souper/ гэж нэрлэхэд хүргэж байжээ.

Байнгын шахам манантай байдаг Будант Албиончууд эхэндээ байдаг л нэг манантай үе гээд тоохгүй байсан бол сүүлдээ энэхүү утаа үзэгдэх орчныг 50 см-аас ч цааш харагдахааргүй болгон өтгөрч, метроноос бусад бүх нийтийн тээврүүд зогсон, Түргэн тусламжийн тэрэг ч замаа олж өвчтэй хүмүүст хүрч чадахгүй хэмжээнд хүрч, амьсгалын цочмог дутагдалд орсон хүмүүсийг ар гэрийнхэн нь өөрсдөө эмнэлэгт хүргэх хүртлээ аюул болсон. Гадна спортын бүх арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болсон бол дотор зохион байгуулагддаг жүжиг, кино театрууд ч үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ нь үзэгчид ирэхгүй юм уу? олон хүмүүс нэг дор цуглуулахгүй гэсэн шалтгаантай бус үзэгчийн суудлаас тайз харагдахгүй болтол утаа нэвчсэнтэй холбоотой байсан юм. Энэ үед Лондончууд хаалга, цонхоо битүүлж, өөрсдийн боломжоор утааны маск хийж өөрсдийгөө хамгаалхыг хичээж байсан ба зарим нь хорт утааны баг хүртэл зүүж байжээ.

Тухайн үед Лондонгийн агаарт 1,000 тн утааны тоосонцор /smoke particles/, 140 тн давсны хүчил /hydrochloric acid/, 4 тн фторт нэгдлүүд /fluorine compounds/ болон 800 тн хүхрийн хүчил /sulphuric acid/ болж хувирсан 370 тн хүхрийн давхар исэл /sulphur dioxide/ байжээ. Лондончууд энэ өдрүүд ямар их үхэл дагуулсныг тэр бүр сайн ойлгох боломжгүй байсан боловч хотд оршуулгын авс хүрэлцэхгүй болж, оршуулганд тавьдаг цэцгийн нөөцгүй болсныг мэдэх үедээ л “гамшиг” болсныг ойлгосон гэдэг.

1953 оны 2-р сард Хөдөлмөрийн намаас сонгогдсон гишүүн Маркус Липтон /Marcus Lipton/парламентын танхимд тавсан илтгэлдээ “Их утаанаас болж 6,000 хүн нас барж, 25,000 гаруй хүн өвчний чөлөө, тэтгэмж авсан” гэж мэдэгдэж байв. Тухайн үед утааны дараа ч үргэлжилсэн их үхлийн шалтгааныг томуугийн тархалттай холбоотой хэмээн талбайрлаж асан ч 2004 оны судалгаа томуу туссан хүн хүчилтөрөгчийн дутагдал, утаанаас үүдсэн уушгины халдвар, амьсгалын замын механик бөглөрлийн улмаас нас барсан гэж тогтоосон. Уушигны халдвар нь ихэвчлэн архаг бронхит болон хавсарсан идээт бронхит болж байжээ.

1952 оны энэ үйл явдал Засгийн газар болоод хууль тогтоогчдод маш том сануулга болсон бөгөөд 1954 оны “Лондон хотын хууль”, 1956 оны “Цэвэр агаарын тухай хууль” зэргийг батлахад хүргэсэн.

Энгийн иргэдийг түүхий нүүрс түлдэг байдлаа өөрчлөн байгалийн хий ашигласан халаалт хэрэглэх, эсвэл утаа багатай коксжуулсан түлш түлсэн тохиолдолд санхүүгийн урамшуулал олгож эхлэв. Гэвч барилгын хийцлэл, ард түмний хэнэггүй байдал зэрэг нь тийм ч хурдан өөрчлөлт дэвшлийг авчраагүй бөгөөд арван жилийн дараа 1962 оны 12-р сарын 4-7-ны өдрүүдэд 700 гаруй хүний амь насыг авч одсон өөр нэг “их утаа”-ны дараа л ард түмэн арай илүү хичээж эхэлсэн. Энэ нь 1952 оны үйл явдлын дараа гарсан хууль тогтоомж, зааварчилгаа нь тийм ч сайн амьдралд нэвтрээгүйг харуулсан ба энэ байдал 1960-аад оны сүүл хүртэл дорвитой өөрчлөлтөд хүрээгүй гэдэг. Энэ цагаас хойш ЗГ шийдвэртэй алхмууд хийж дулааны цахилгаан станцуудыг үе шаттайгаар хотоос гаргаж, бүх айлуудад гэрийг нь бүрэн дулаацуулах хүчин чадалтай, тог бага зарцуулдаг тень буюу халаагч суурилуулан, бүх пийшинг байгалийн хийгээр ажилладаг буюу газан плиткагаар сольж, айл өрх, албан байгууллагуудын цахилгааны төлбөрийг хөнгөлөх гэх мэтээр “Цэвэр агаарын хууль”-ийн хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулан ажилласнаар 1980 он гэхэд Лондонгийн агаар дахь хорт утааны агууламж 80%-р бууруулж чадсан юм.

Холбоотой мэдээ