ХӨЛБӨМБӨГ ЯАГААД ДЭЛХИЙН №1 СПОРТ ВЭ?

               
2022-12-18 0

Миний хувийн бодлоор 70,80-аад оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч Бразилийн хагас хамгаалагч Зико-гийн хэлсэн тайлбар хамгийн супер санагддаг. Тэрээр ингэж хэлжээ: “Хөлбөмбөг бол секс шиг шинж чанартай учраас хүмүүс бүгд дуртай байдаг. Маш их хүчин чармайлт гаргаад нэг гоол оруулах мэдрэмж, сэтгэл хөдлөл ГАЙХАМШИГТАЙ.”

⚽Мэдээж хаана ч, ямар ч нөхцөлд зориулалтын гуталгүй, хаалгагүй байхад бөмбөг нь л байж байвал хэд хэдэн хүн хуваагдаад тоглож болдог онцлогтой спорт. Бага насандаа хөлбөмбөг тоглож үзээгүй хөвгүүд дэлхийд байхгүй байлгүй .

⚽ Мөн ямар ч насны, ямар ч өндөр, жинтэй хүн тоглож болно. Сонирхогчийн түвшинд бие бялдрын онцгой нөхцөл шаардахгүй. Мэргэжлийн хөлбөмбөгчид бол хүн төрөлхтний хамгийн төгс бие бялдартай хүмүүс хэмээгддэг. Ачаалал даах чадвар, түргэн хугацаанд шийдвэр гаргах инстинкт нь бусдаас илүү хөгжсөн, гайхалтай авьяас чадвартай олон зуун саяд ганц төрөх шилэгдмэл хүмүүс л мэргэжлийн хөлбөмбөгчид болдог юм. Мэдээж хэрэг системтэй сургуулилалт, дасгалжуулалтгүй бол авъяас хөгжихгүй нь ойлгомжтой зүйл.

⚽ 4 жилд нэг удаа болдог “Алтан дагина”-ны төлөөх өрсөлдөөн бол дэлхийд Олимпийн дараа орох том тэмцээн мөн. Улс орнууд ДАШТ-д оролцсон амжилтаараа улсынхаа чансаа, имижээ дэлхийд тамгалдаг юм. Тиймээс энэ тэмцээн бол зүгээр нэг спортын тэмцэл бишээ, асар том улс төрийн ач холбогдолтой арга хэмжээ билээ. Бусад спортоос ялгаатай нь бүх талаараа хүчтэй баг нь заримдаа хожигддог тохиолдол хөлбөмбөгт олон. 2016 оны Европын аваргаар 330к хүн амтай жижигхэн Исланд улсын шигшээ баг хөлбөмбөгийг зохиосон гэгддэг Английн шигшээ багийг шөвгийн 16-д буулгаж авсныг санаж байна уу?

Давид ба Голиатын түүхээс эхлүүлээд сул дорой нэгэн өөрийн ухаалаг арга барил, сэтгэлийн хүчээрээ аварга том дайснаа дарсан ид шидийн түүхэнд хүн төрөлхтөн бүх нийтээрээ дуртай байдаг. Улс үндэстэн болгоны үлгэр домогт ийм ид шидийн түүх өгүүлэгддэг. Ид шидийг бодит амьдрал дээр үзүүлдэг учраас хөлбөмбөг үргэлж дэлхийд №1 спорт байсаар байх болно гэдгийг баттай хэлье.

⚽ Финалын тоглолт асар сонирхолтой болно. Багийн лидерүүд болох (Lionel Messi) болон (Kylian Mbappe) нарын гоцлон тоглолт, бусад тоглогчдын оролцоо, дасгалжуулагчийн тактик гэх мэт хүчин зүйлсээр үр дүн тодорхойлогдоно. Өнөөдөр хожсон баг дэлхийн 3 удаагийн аварга цолыг хүртэнэ.

Нэг л зүйлийг онцольё: Өнөөдөр таны логик таамаглал огт үйлчлэхгүй шүү ккк.

⚽ Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ? (Балжаа ахыг дурсав )

⚽ Таны дэмжсэн Аргентин эсвэл Франц хожихыг ерөөе!

Стратеги судлаач

Б.Анхбаяр

2022-12-18

Холбоотой мэдээ