ЭМГЭНЭЛ

               
2022-12-19 0

ЛУВСАНГОМБЫН МОЛОМЖАМЦ

(1935-2022)

   Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Лувсангомбын Моломжамц 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тэнгэрийн орноо дэвшиж хүнд гарз тохиолоо.  

    Л.Моломжамц нь 1935 онд Булган аймгийн Баян-Агт сумын нутагт төрж, 1948-1954 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургууль, 1954-1955 онд Цэргийн ерөнхий сургууль, 1962-1967 онд ЗХУ-д В.В.Куйбышевын нэрэмжит Цэргийн инженерийн академи, 1974-1976 онд Москва хотод К.Е.Ворошиловын нэрэмжит ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, 1978 онд тус академийн курст тус тус суралцан төгсөж, улмаар БХИС-ийн профессор цол хүртжээ.

    Тэр бээр 1955-1958 онд “Алдар” нийгэмлэгт бичээч, тамирчин, 1958-1962 онд тус нийгэмлэгт суртал нэвтрүүлэгч бөгөөд зохион байгуулагч, 1967-1968 онд 1 дүгээр мотобуудлагын тусгай бригадын инженер, 1968-1970 онд Ардын Армийн Жанжин штабын инженерийн албанд офицер, ахлах офицер, 1970-1974 онд Жанжин штабын инженерийн хэлтсийн дарга, 1976-1979 онд Ардын Армийн Жанжин штабын байлдааны бэлтгэлийн хэлтсийн дарга, 1979-1982 онд БХЯ-ны байлдааны бэлтгэлийн удирдах газрын дарга, 1982-1984 онд МАХН-ын Төв Хорооны захиргааны байгууллагын хэлтсийн орлогч эрхлэгч, 1984-1989 онд мөн хэлтсийн эрхлэгч, 1989-1990 онд БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, 1990-1993 онд БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд  эрдэм шинжилгээний ажилтан, 1993-1996 онд Цэргийн их сургуулийн Оперативын факультетын дарга, 1998-2005 онд БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал, судлаачаар ажиллаж байв. Дэслэгч генерал Д.Моломжамц амьдралынхаа 50 гаруй жилийг Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх үйлсэд сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжил, оюун ухаан, хүч хөдөлмөрөө нэгэн үзүүрт сэтгэлээр зориулсан цуцашгүй хөдөлмөрч, залуу үеийн үлгэр дуурайлал болсон эрхэм хүмүүн байлаа.

    Л.Моломжамц МАХН-ын XVII, XX, Онц их хуралд төлөөлөгч, XVIII Их хурлаас Төв Хорооны орлогч гишүүн, XIX Их хурлаас Төв Хорооны гишүүн, БНМАУ-ын Ардын Их Хурлыг сонгох 10 дахь удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутат, 11 дэх удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын тэргүүлэгч гишүүнээр тус тус сонгогдсон тулхтай төрийн түшээ байсан юм. 

     Түүний улс орны батлан хамгаалах, зэвсэгт хүчнийг хөгжүүлэн бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг төр, засгаас өндөр үнэлж 1979 онд хошууч генерал, 1989 онд дэслэгч генерал цол хүртээсний зэрэгцээ Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон, Алтан гадас одонгоор 2 удаа болон ойн медалиудаар шагнажээ. Түүнчлэн ЗХУ, БНСЧСУ, БНБАУ, БНПАУ, БНАГУ, БНКУ-ын медалиудаар шагнагдаж байжээ.

     Түүний хурц ухаан, хүнлэг, энэрэнгүй, хамтач зан чанар, үйлс бүтээл нь бидний сэтгэл зүрхэнд мөнхөд дурсагдах болно.

У.ХҮРЭЛСҮХ, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, 

Б.ЭНХ-АМГАЛАН, Ц.АНАНДБАЗАР, Ж.БАТ-ЭРДЭНЭ, 

Г.САЙХАНБАЯР, Ж.ЭНХБАЯР, Д.ЭРДЭНЭБАТ, 

Б.АРИУН-ЭРДЭНЭ, С.ГАНБЯМБА

/ Талийгаачтай салах  ёс гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 08:30-09:30 цагийн хооронд Офицеруудын ордонд болно./

Холбоотой мэдээ