
*Америкт 14 жил ажиллаж амьдраад Монгол руугаа буцах шийдвэр гаргаж 2019 оны 12 сарын 28 нд Монголдоо ирснээс хойш 3 жилийг үдэх гэж байна. Ганц бие миний хувьд шийдвэр гаргаад эргэж ирэх тийм хэцүү байгаагүй. Буцах шийдвэр гаргах болсон шалтгаан нь:
1. Тѳлѳвлѳж байсан ТВ нэвтрүүлгүүдээ хийж дууссан байв
–“Монгол оюутнууд Америкт” 1 дугаар
–“Монгол хүн Монголын баялаг” 8 дугаар
-“Хѳгжлийн замаар” 55 дугаар
-“Монголчууд Америкт” 52 дугаар
-“Америкаар 10 000 бээр” 8 дугаар
2. Америкт 3 ном, 2 сэтгүүл бүтээв
–“Үнэ цэн”
–“Монголчууд Америкт”
–“Зурвасхан бодлууд”
–“Шинэч” сэтгүүлийн 2 дугаар
3. Америкийн хотуудад онгоцоор олон удаа, харин машинаар 11 удаа бүтэн тойрч, монголчууд олноороо байгаа хотуудад зорчиж тэдэнтэй уулзаж ярилцсан. Бараг 1000 орчим хүнтэй уулзаж ярилцсан тооцоо бий. Ер нь үзэж болох бүхнээ үзэж амжсан хэрэг. Зѳвхѳн Лас-Вегас хотод 22 удаа очсон байв
4. 13 жилийн дотор 800 орчим нийтлэл бичиж, хѳгжилд санал болгон, бас шүүмжилж байсан Монгол орондоо буцаж очин ѳѳрийн тѳсѳѳллѳѳ бодитоор харж мэдрэх, ѳѳрийн чадах зүйлээрээ хѳгжилд оролцох, үзэж харж ойлгосон ухаарлаа бусадтай хуваалцахыг л хүссэн. Америк оронд ажиллаж амьдрахдаа, хийж болох бүхнээ хийж чадсан хэмээн ѳѳрийгѳѳ үнэлсэн юм даа
Энэ бүхнийг бусдын адил чулууны үйлдвэрт ѳнгѳлгѳѳчин, хѳрѳѳчин, угсрагч зэрэг ажлууд хийж амжиргаагаа залгуулахын хажуугаар өөрийн цаг хугацаа, мөнгөө зориулж, сэтгэлээ шингээн хийж чадсандаа одоо хэр ѳѳрѳѳрѳѳ бахархдаг.
*МИНИЙ ЭХ ОРОН
Хүмүүс надаас:
-Эх орондоо ирээд дасах хэцүү байна уу?
-Монголдоо бүр үлдэх үү?
-Америк руу буцах уу?
гэж асууцгааж байв. Нуулгүй хэлэхэд тэнд байхдаа тѳсѳѳлж байсан тѳсѳѳллѳѳс олон зүйл ѳѳр байсан. Олон хүмүүс ямар ч аргаар хамаагүй мѳнгѳ олохыг хүсч, бүх ажлууд зѳвхѳн танил талаар бүтэж, хаа сайгүй намаар хуваагдан талцаж, ѳѳр хоорондоо ѳрсѳлдѳцгѳѳж, их ярьцгаах атлаа хийж бүтээх нь бага байлаа. Улаанбаатар хотод олон сайхан барилгууд баригдсан хэрнээ авто машины зогсоолгүй, хүүхдүүд болон иргэд тухлах орчингүй нэг тийм эмх замбараагүй шавааралдсан орчин мэт санагдаж байв. Гэхдээ л буцаад ирэхэд сэтгэлийн минь нѳмѳр нѳѳлѳг миний эх орон сайхан байсаан. Шинэ үеийн залуус огт ѳѳр болцгоож байгаа нь илт мэдрэгдэж байв. Тэгээд л “Энэ бүхэн ѳѳрчлѳгдѳхѳд цаг хугацаа л хэрэгтэй юм байна” гэж ѳѳртѳѳ хэлсэн. Хэрвээ сайтар анзаарах юм бол олон зүйлс сайн тал руугаа ѳѳрчлѳгдѳж байгаа нь мэдрэгдээд байсан хэрэг.
Бараг 800 шахам хүмүүстэй уулзаж ярилцан сэтгэлгээний атмосферийг мэдэрч, 21 аймгаар 2,5 удаа бүтэн тойрохдоо “яг хѳгжлийн боломж хаана байгаа”-г ѳѳрийн зѳнгѳѳрѳѳ олж харахыг хүссэн. Мэдээж асуудал байлаа гээд эх орноосоо дүрвээд хэн ч шийдэхгүй шүү дээ. Миний багадаа тоглож, мѳрѳѳдѳж ѳссѳн эх орон минь байгаа болохоор юу нь надад хэцүү гэж? Америкт над дээр очиж байсан, сошиалаар бие биенээ мэдэх олон сайхан залуустай уулзаж, хамтдаа мѳрѳѳдѳж, бие биенээ дэмжиж хамтран ажиллаж эхэлсэн. Мэдээж олон хүн надад хандаж зѳвлѳгѳѳ авахыг хүссэн. Бас цѳѳн биш газрууд лекц уншиж, туршлагаа хуваалцахыг хүссэн. Би алинд ч татгалзаагүй, шалтгаан нь би тэдэнд туслах үүрэгтэй гэж ѳѳртѳѳ итгүүлсэнийх… Би тѳгс хүн биш болохоор авахыг нь авч хаяхыг нь хаясан байх. Гэхдээ “Суусан цэцнээс явсан тэнэг илүү” гэсэн үгний утгыг илүү мэдэрч байлаа хэхэхэ
*ТА ТЭГЭЭД ЮУ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БЭ? гэж үү
Залуустай хамтран дѳрвѳн тѳсѳл хэрэгжүүлж байгаа:
1. “NOMADIC HUB” Энэ бол хѳдѳѳ аж ахуйд орчин үеийн технологи нэвтрүүлэн, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хѳгжүүлэх тѳсѳл. Товчхондоо нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн, эрчимжсэн мал аж ахуйн сайн загварыг хѳгжүүлэх зорилготой. Үүнээс гадна нүүдлийн мал аж ахуйг аялал жуулчлалтай холбон хѳгжүүлэх боломжийг ч анзаарч байна. “UB Cab” компаныг үүсгэн байгуулж хѳгжүүлэгч, миний дотны анд Н.Отгонбаяр бид энэ санааг олох гэж 21 аймгийг 2,5 удаа машинаар бүтэн тойрч, олон хүмүүстэй уулзан ярилцаж, Архангай аймгийн хэд хэдэн сумдад малчдын зѳвлѳгѳѳнд илтгэл тавьж явсан. Одоо бид 5 уулаа нэг баг болон тѳслѳѳ эхлүүлж байгаа. Эхэлж буй тѳслийн хувьд олон зүйлийг дэлгэрүүлэн тайлбарлах боломжгүй. Би ийм залуустай хамтран ажиллаж, бас бүтээлцэж байгаадаа баяртай байгаа
2. “MAGIC BOX” Энэ бол Улаанбаатар хотын алслагдсан хэсэг болон хѳдѳѳ орон нутаг , сумдын хүүхдүүдэд ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх боломж болоод боловсролын тэгш хүртээмжийг бий болгох зорилготой тѳсѳл. 40 тoннын контейнэрт бүтээсэн 4 байгууламжуудаа бид:
-Говь-Aлтай аймгийн Тонхил сумд
-Баянзүрх дүүргийн Чулуун хорооны нутагт
-Увс аймгийн Ѳндѳрхангай сумд

-Чингэлтэй дүүргийн Даландавхарт
тус тус байрлуулан үйл ажиллагааг нь жигдрүүлж буй. Бид энэ тѳслийн хүрээндээ хүүхэд хамгаалал хѳгжлийн “Лантуун дохио” TББ-тай хамгийн дотноор хамтран ажилладаг. Тэдний Дундговь аймагт байгуулсан “Ид шидийн орон” загвар тѳсѳлд дэмжигчээр оролцлоо. Бид эдгээр тѳслүүдийн үндсэн загварыг бүтээсэн бѳгѳѳд цаашид орон нутгууд болон сумуудад байгуулахыг хүссэн залуусыг дэмжин тусалж ажиллах юм. 10 гаруй эерэг хандлагатай, нийгэмд манлайлагч залуус нэгдсэн энэ багт зээ дүү Ч.Ганжавхлангийн саналаар нэгдэж хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаа
3. “MIND TOUR” “Magic Box” тѳслийг хэрэгжүүлэх явцдаа, ѳнѳѳгийн залууст туршлагаа хуваалцаж, тэдэнд итгэл найдвар, урам зоригийг ѳгч, боломжийг мэдрүүлэх зорилготой илтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан нь амжилттай болж бид ѳѳрсдѳѳ урамшсан. Илтгэлүүдээс энэ сайхан залуусын туулж ѳнгѳрүүлсэн амьдрал, ухаарлыг мэдрээд тэднийг улам ихээр хайрлаж хүндлэх болсон. Бид энэ арга хэмжээгээ:

-Говь-Aлтай аймгийн Тонхил сумд
-Улаанбаатар хотод
-Увс аймгийн Ѳндѳрхангай сумд
-Хѳвсгѳл аймгийн Мѳрѳн хотод
-Дундговь аймгийн Мандал говь хотод
тус тус зохион байгуулаад байгаа. Цаашид олон орон нутгуудад залуусын хүсэлтээр хийхээр тѳлѳвлѳж буй. Ямар нэгэн байгууламжуудаас илүүтэй, ѳнѳѳгийн залуусын сэтгэхүй, хүсэл мѳрѳѳдѳлд цучил нэмэх нь ямар их ѳгѳѳжтэй болохыг бид сэтгэлээрээ мэдэрч байна. Би энэ залуусаараа үнэхээр их бахархдаг
4. “ЗѲВИЙГ ШҮГЭЛДЭГЧИД” Цар тахлын үед гадаадад гацсан залуусын бодит түүхүүдээр “Эх орондоо л очихсон” нэртэй баримтат кино бүтээснээр нь олон нийт тэднийг мэддэг. Гадаадад ажиллаж амьдарч буй олон монголчууддаа тусалж дэмжих хүсэлтэй миний хувьд тэдний зорилго зүтгэл таардаг болохоор бид хамтран ажиллаж эхлээд байгаа. Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд гадаадад байгаа монголчууд мод тарьж, эх оронтойгоо “хүйн холбоо”-той байх боломжийг олгох зорилготой “Дэлхийн Монголчууд” тѳслийг ҮЦХ, мѳнгѳн гуйвуулгын “Sendly” байгуулагатай хамтран хэрэгжүүлсэнээр бидний хамтын ажиллагаа эхэлж буй. Мэдээж хамтын ажиллагаа минь дѳнгѳж эхэлж буй болохоор одоогоор дэлгэрүүлэн бичих боломжгүй. Гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудыг эх оронтой нь холбоход туслах олон санаа бидэнд бий. Энэ залуустай хамтран ажиллаж байгаадаа урам зоригтой байгаа
Би одоо 65 нас хүрч буй. Амьдралаас буцах цаг хугацаа руугаа орж буй болохоор хийж бүтээснээ дүгнэн цэгнэж, ямар их боломж байгааг та нарт сануулах л зорилготой. Надад магтаал, зэмлэл тийм ч чухал бус, харин цаг хугацаа болгон үнэ цэнэтэй байгаа. Залуус “Галаа ахын насан дээр…” ямар байж болохыгоо тѳсѳѳлѳг л дээ. “Хэрвээ чи ѳѳрийгѳѳ хэн гэдгийг таньж, юуг хийвэл аз жаргалтай, сэтгэл дүүрэн байхыгаа мэдэрч чадвал энэ амьдрал тийм ч хэцүү биш” энэ үгийг аль болох олон залууст хэлэхийг хүсч байна. Бас цаашдаа ч олон залууст тус дэм болохыг хүсч байна. “Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байнаа” Амьдрал сайхаан сайхан
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2022-12-19 Улаанбаатар хот

0 cэтгэгдэлтэй