Татварын өөрчлөлт зөвхөн сарын 10 сая төгрөгөөс дээш цалин, орлоготой иргэдэд үйлчилнэ

               
2022-12-27 0

УИХ-ын намрын чуулганаар улсын төсөвтэй холбоотой зарим хуульд өөрчлөлт орсон. Үүний нэг нь Хүн амын орлогын албан татвар (ХХОАТ)-ын тухай хууль юм. Уг хуулийг шинэчлэн найруулж 2020 оноос мөрдөж эхэлснийг татварын байгууллагаас мэдээлж байна. Харин ирж буй оны эхний өдрөөс мөрдөж эхлэх уг хуулийн өөрчлөлтөөр сарын цалингийн орлого нь 10 сая төгрөгөөс давсан иргэдэд 15 болон 20 хувийн шаталсан татвар ногдуулна.

Энэ талаар Сангиййн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн сэтгүүлчдэд мэдээлэхдээ, энэ оны 11 дүгээр сарын 11-нд Улсын төсвийн хуулийн хамт ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар баталсныг тодотгоод, үүгээр жилийн 120 сая төгрөг буюу сарын 10 сая төгрөгөөс дээш цалин, хөдөлмөрийн хөлсний орлоготой иргэдэд дээрх татварын харилцаа үйлчилнэ гэсэн юм.

Тодруулбал, дээр дурдсанаар сард 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой иргэнд 10 сая төгрөгөөс давсан хэсэгт 15 хувийн татвар ногдуулахаар болжээ. Татварын өөрчлөлтийн нэмэгдэл нь нийт цалингийн орлоготой иргэдийн 99.9 хувьд үйлчлэхгүй буюу нөлөө үзүүлэхгүй, одоо төлж буй татварын ачаалал нэмэгдэхгүй, харин 10 сая төгрөгөөс дээш цалинтай 1300 гаруй иргэнд хамаарна. 

Судалгаагаар Монгол Улсад жилийн 120 сая төгрөг буюу сарын 10 сая төгрөгөөс дээш цалинтай 1300 гаруй иргэн байна. Эдгээр нь банк, санхүүгийн болон уул уурхайн салбарын удирдах албан тушаал хашдаг, дээр нь Монгол Улсад ажиллаж буй гадаадын мэргэжилтнүүд аж.

Хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор хувиараа бизнес эрхлэгч нарын дансны хуулгыг шалгаж, бизнес эрхлэгч нарын харилцах дансны орлогоос 10 хувийн татвар авах нь гэсэн яриа гарсан. Үүнийг ташаа мэдээлэл гэдгийг албаныхан хэлж байна. Иргэдийн мал, машин, байр зэрэг хөрөнгө болон цалин, банкны зээл, шилжүүлсэн мөнгө, өөрийн данс хоорондын шилжүүлэлт зэрэг бүх төрлийн гүйлгээнээс он гараад 10-20 хувийн татвар авна гэдэг ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл:

  • Бизнес эрхлэгч иргэний бизнесийн үйл ажиллагааны болон хөрөнгө борлуулсан, түрээслүүлсэн зэрэг орлогоос 15-20 хувийн татвар авахгүй,
  • Цалин, түүнтэй адилтгах орлого нь НДШ хассаны дараа жилийн 120 сая төгрөг буюу сарын 10 сая төгрөгөөс дээш иргэдийн зөвхөн цалингийн орлогод шаталсан хувь хэмжээгээр татвар ногдуулна.
  • Жишээ нь, 2023 оноос эхлэн сард 10 сая төгрөг буюу жилийн 120 сая төгрөг хүртэл цалинтай иргэний төлөх татвар нэмэгдэхгүй, одоогийн төлж буй татвартай адил, харин сард 15 сая төгрөг буюу жилийн 180 сая төгрөгийн цалинтай иргэний төлөх татвар сард 250 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Сард 20 сая буюу жилийн 240 сая төгрөгийн цалинтай иргэний сард төлөх татвар 750 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Холбоотой мэдээ